Учиг хатгаж, үйл урлаачдын нэг өдөр

Сар шинийн бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Идээ ундаа, үндэсний хувцас­ны тухай яриа хаа сайгүй өрнөж байна. Ийм үед үндэсний хувцас урлаа­чийнд өнжихөөр боллоо. Бид "Ур ундрах" компа­нид өнжихөөр очлоо. "Гэ­сэр" сүмээс Тасганы овоо руу өгсөх зам дагуу гур­ван давхар шар байшин байдаг нь "Ур ундрах" компанийн ажлын байр аж. Бай­шингийн гадна үндэс­ний хувцас өмссөн эрэгтэй, эмэгтэй хүний зураг дор "Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Дэвжих төрийн дээл, Тулах төрийн гутал" гэж бичсэн харагдана. Ханан­даа үн­дэс­ний загварын дээл өмссөн бүсгүйчүүдийн зураг байр­луулж, хоёр­дугаар давхарт нь бэлэн болгочихсон дээл, хан­тааз, малгай, гутал тэр­гүүтнээр дэлгүүр нээ­жээ. Тэнд халх дээлээс гадна загвар оруулж урласан эхнэр мөртэй ууж, үндэс­ний хэв маяг шингэсэн даа­шинз зэр­гийг өлгүүрт өлгөсөн харагдана. Ижил өнгийн торго, даавуугаар эрэгтэй, эмэгтэй, хүүх­дийн дээл хослуулж хийсэн нь ч ха­рагдана. Зарим дээ­лийг модельд өмсгөсөн бай­гаа нь ихэд чамин тансаг ха­рагдаж байсан. Бас лангуун дээр торго, даавуу, булган зах дэл­гэжээ. Тэдгээр бөс даа­вууг харахад Нарантуул эсвэл торгоны дэлгүүрт байдаг торго, даавуунаас арай л өөр харагдаж бай­сан.

ГОЁЛ ХИЙГЭЭД ЁС

"Ур ундрах" компанийн захи­рал А.Алтантуяа "Та нарын өмнө­хөн ажил дээрээ ирээд байна.  Сонгууль дөхөхөөр хурал, цуглаан тасрахгүй бололтой юм. Хуралд сууж байгаад ирлээ. Баянгол дүүр­гийнхэн чинь үндэсний хувцасны аян зохион байгуулж байгаа гэнэ. Хатан хүний ухаан гэж тэр дээ. Аяны хүрээнд үндэсний их сайхан хувцас өмссөн хүн шагнуу­лах юм байх. Миний байсан газарт дээл хувцасны тухай яриа өрнөлөө. Хүмүүс "Дээлний зах холгоод байх юм. Цаваг наалгүй оёчихож бол­доггүй юм уу" гэх янзтай. Тэгвэл монгол үндэсний хувцас биш бол­чихно шүү дээ" гэсээр угтлаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн зөвлө­гөөн болох­той холбогдуулан биз­нес эрхлэгч, банкныхны уулзалтыг Баянгол дүүргийн удирд­лагууд зохион байгуулсанд оролцоод ирсэн нь тэр гэнэ. Бид­нийг мэнд мэдэлцэж байх зуурт 80 настай ээждээ малгай, дээл сонир­хож яваа гэх хоёр хүн орж ирлээ. А.Алтан­туяа гуай "Сахил хүртсэн өндөр настай хүнд тоорцог өмсүүл­дэг уламжлалтай. Гэртээ суухад хөнгөн, халууцуулдаггүйг монгол­чууд эртнээс бодолцсон байна. Харин дээлний хувьд улаан хүрэн өнгөтэй дээл тохитой сайхан хараг­дана" гэж тэдэнд зөвлөх юм. Нөгөө хоёр үйлчлүүлэгч ээжийгээ ануу­хан, наснаасаа залуу харагддаг учраас булган малгай сайхан харагдана гэж зө­рүүд­лэнэ. Мөн дээлний хувьд тэд ээждээ цэнхэр торгон дээл сонир­хож байв. А.Алтан­туяа гуайн хэлс­нээр мон­гол­чууд эртнээс хадамд гаргах гэж байгаа залуу бүсгүйд цэнхэр дээл оёж өгдөг заншилтай байжээ. Иймэрхүү ёс байдгийг иргэд тэр бүр мэддэггүй талаар бидний дунд яриа өрнөсөн юм. Тухайлбал, хар дээлийг хар эмжээ­рээр эмжүүлэх сонирхолтой хүмүүс байдаг гэнэ. Тэгвэл дээлээ өөрийнх нь материа­лаар эмжиж өмссөн эмэгтэйг мон­голчууд бэлэвсэн гэж ойлгодог байж. Тиймээс эмэгтэй хүний дээлийг заавал өөр мате­риалаар эмждэг байна. Мөн сар шинийн баяраар хар, бараан дээл өмс­дөггүй байжээ. Зарим хүн "Цагаан дээл өмсөх нь хувхайрахын ёр. Цагаан дээлт Дамдин хэзээ ч баян байгаагүй" гэж ярьдаг. Цагаан дээл бас зохимжгүй биш үү гэвэл "Тийм биш. Цагаан сараар бүх зүйл сайхан байх ёстой. Өмнөх жил хүнтэй ам мурийсан бол цагаан сараас өмнө тайлдаг уламжлал­тай. Цагаан сүү ширээн дээр тави­на. Хонины цагаан эсгийг гаднаа дэлгээд, цагаан нэхий дээлээ өм­сөөд шинэлдэг сайхан уламжлал байлаа" гэж ярьсан юм.

Сар шинийн баяраар иргэд загварын гэхээсээ илүү монгол дээл захиалдаг байна. Урьд зах­чин, барга, өөлд, торгууд гээд үндэстэн ястнуудыг хувцсаар нь ялгадаг байсан. Харин энэ цагт 33 үндэстэн ястны хувцсанаас халх, дөрвөд, буриад, урианхай гэх га­рын таван хуруунд багтах загварыг л захиалж оёулдаг болсон гэнэ. Ерөнхийдөө халх дээл голчилдог бол буриад малгай, дээлний захиал­га ч мэр сэр ирдэг байна. Ер нь ч сар шинийн баяраар бусдаас дамжиж ирсэн биш үндэснийхээ хувцсаар гоёх уламжлалтай. Гэх­дээ заавал шинэ дээл өмсөхийг А.Алтантуяа гуай зөвлөж байсан.

Материалын хувьд настай хүнд үйтэн хуар болон дулаан өнгийн торгон дээл сайхан зохидог бол залууст даавуун дээл сайхан харагд­­даг. Харин залуу бүсгүйчүүд цэцгэн хээтэй, тод өнгийн дээл өмсвөл жавхаалаг харагддаг талаар зөвлөлөө. Очиртой торгыг тавин наснаас дээш өмсөхгүй бол хүнддэнэ. Бэлэгний хувьд сайн найз, хүргэн л биш бол бүс бэлэг­лээд байдаггүй. Өндөр настай аав ээждээ гутал бэлэглэхээс зайлс­хийх хэрэгтэй. Гутал дээшээ харсан сав хэдий ч настнуудыг ертөнцөөс хурдан яваг гэсэн утга агуулдаг аж.

ЭНЭ ЖИЛИЙН ГОЁЛ "С.ЖАВХЛАН" ДЭЭЛ

Сүүлийн үед С.Жавхлангийн өмсч байгаа мөрөн захтай дээлийг иргэд голчлон захиалж байгаа гэнэ. Ийм дээлэн дээр өмсдөг малгайг ч "Жавхлан малгай" гэж нэрлэдэг болжээ. Уг нь мөрөн захтай дээлийг лам дээл гэдэг байсан ч С.Жавхлан өмсч тайзнаа гарснаас хойш ийн нэрлэх болжээ. Монголчууд мөрөн захтай дээлийг XIII-XVI зууныг хүртэл өмсдөг бай­гаад Манжийн дарлалын үеэс дөрвөлжин захтай зээл өмсч эхэл­сэн гэдэг. Түүх ярьвал Тогоонтөмөр хааны өмсч байсан дээлийг Ноён уулын булш­наас олдсон загвараар нь "Ур ундрах"-ынхан урлаж бай­гаа гэнэ. Мөрөн захтай дээлийн хувьд өмсө­хөд эвтэйхэн, цагаан сараар өвөр­мөц харагддаг гэх зэргээр иргэд их сонирхож байгаа аж. Мөн Д.Сосор­барам гавъяат, жүжигчин Аглуу­гийн өмссөн ширээс­­­тэй ханцуйтай дээл ч моод болоод байгаа юм байна. Тогоон­төмөр хааны үеэс монголчууд нум сум харвахад амрыг нь бодож нарийн ханцуйтай, ханцуйгаа ширж урладаг байж. Харин энэ цагт ширээс, эмжээр нь гоёл болсон байна.

Малгайны хувьд лоовууз, ноён, үнэгэн, Чингэс малгайг ихэвчлэн өмсч байгаа гэнэ. Залуус дөрвөн талтай малгайг чухалчилдаг байсан бол ойрын үед "С.Жавхлан малгай" гэж нэрлэх болсон жонон малгайг их өмсөх болжээ.

ҮЙЛ УРЛААЧДЫН ӨРӨӨНД

Бид А.Алтантуяа гуайтай дээл­ний ёс, уламжлалын талаар хууч хөөрсний дараа оёдлын цехэд нь орлоо. Тэнд зургаан бүсгүй үйл урлаж сууна. Ажилтнуудаа ""Ур ундрах" гэдэг нэр учиртай. Надтай уран бүсгүйчүүд учирдаг. Олонхи нь манай нутгийнх. Би ажилт­нуу­даасаа уран байхаас гадна хийж байгаа үйлэндээ сэтгэлтэй байхыг шаарддаг. Сэтгэл шингэж урласан эд бусдаас огт өөр харагддаг юм. Манай бүсгүйчүүдийн урласан дээл, гутал, малгай, бүсийг голох хүн гараагүй" гэж магтаж байсан. Бас гурван сар цалинжуулаад оёдолд сургаад өгье гэхэд хүмүүс тэр бүр ирдэггүй талаар ч ярилаа.

Оёдол хийдэг өрөөний хананд монгол эрэгтэй болон эмэгтэй хүний эрхэмлэх есөн зүйлийг томоор бичиж өлгөжээ. "Эртнээс нөхөр нь дээлээ ганзагалаад айл руу морддоггүй бол тэр айлын эзэгтэйг сайнд тооцдог байлаа. Эмэгтэй хүний хамгийн түрүүнд эрхэмлэх зүйл үйлэнд уран байх. Үйлэнд уран гэргий, үйл мэтгэдэг бэрийг хаана ч мууд тооцож бай­гаагүй. Энэ цагт үндэсний хувцсаа оёх нь бүү хэл дээл өмсч үзээгүй гэж ирээд ярих эмэгтэй олон болж" гэж мастер оёдол­чин А.Алтантуяа харамсч байв. Тэрбээр өөрийгөө оёдолчин гэж хэлүүлэх дургүй. Харин төгс уран бүтээлч гэж үнэл­дэг гэнэ. Мастер оёдолчны ком­пани арав гаруй ажилтантай. Жижиг, дунд үйлдвэ­рүүд ийм тооны ажил­чид­тай. Харин тэд­нээс гарч байгаа бүтээгдэхүүн дотоодын үйлдвэр­лэгчдийн 80 шахам хувийг эзэлдэг. Арваас илүү хүн ажил­луулахаар татварт дар­луул­даг, хүндрэлтэй байдгаа ярьж байсан. Оёдолчид бүр өөр, өөрийн гэсэн үүрэгтэй. Нэг нь дан мал­гайгаа хийдэг бол нөгөө­дүүл нь дээлээ дамжлага дамжлагаар оёно. Ерөн­хийдөө мастер оёдол­чин эсгүүр гаргаж өгч байна. Зөрүүл­­дэх, ухаж эсгэх зэрэг мон­голчуудын улам­жилж ирсэн бүх аргаар л эсгэх юм.  Дараа нь цаваг нааж, нарийн өөг нь авах дамжла­гад очино. Бараг хэрэг­цээнээс гарсан гэж бодож байсан жонхууг тэнд хэрэглэдэг юм байна. Жонхууны хажуугаар бэлэн наалт ч ашиглаж байна лээ. Эмэг­тэй дээлийг эмжиж байгааг харахад их л нарийхан цэвэрхэн болж байна. Нэг үе эрэгтэй дээлийг савхиар эмждэг байсан. Харин сүүлийн үед ихэвчлэн пүүсүүгээр эмждэг болсон гэнэ. Хоргой эмжээ­рийн хувьд ерөнхийдөө хэрэгцээ­нээс гарсан. Торгон материал, саатай эдээр л эмжээр хийдэг болж. Урт наслахын бэлгэдэл гэгддэг хүрээ эмжээрийг голчлох юм. Дээлээ эмжсэний дараа ар, өврийн голыг оёх дамж­лагад очино. Үүнийхээ дараа өнгө, дотор хоёрыг нийлүүлж оёод хажаа­саа хийж байна. Зах дээгүүр зарагдаж байгаа дээл ихэвчилэн хажаасгүй харагддаг. Бас хаваас­тай дээл хүнээс авддаггүй гэх яриа бий гээд хаваасгүй дээл зарах нь бий. Гэтэл хажаасгүй дээл­ний дотор нь цухуйж гарах гээд байдаг учраас заавал хажих учир­тай. Хажаасаа оёсны дараа дээл­ний их бие дот­роо хавсарч ний­лүүлж оёж байна. Хоёр талын ташааг нийлүүлж суга суулгасны­хаа дараа захаа залгах юм. Ингээд хаваас хийнэ. Хаваасны хувьд дээр хэлсэн уламжлал гээч худал гэнэ. Мөн хаваасгүй гээд өмсвөл сэтгэл хоосордог гэж үздэг уламжлалтай гэнэ. Харин хайртай эрдээ оёсон дээлний суганы шил­бийг дутуу орхидог уламжлал бол бий гэнэ. Дээлээ хавсны дараа товч хадах дамж­лаган дээр очиж байна. Товч гэс­нээс Асашёорюү Д.Дагвадорж аварга хуримаараа ноолууран дээлэн дээр алтан товч хадуулсан тухай яриа гарч байсан. Тэр алдартай дээлийг А.Алтантуяа гуай урлаж байсан билээ. Үүнийг нь сануулбал, "Эртний явдал шүү дээ. Ноолууран дээл дөнгөж гарч байсан үе. "Говь"-ийн цэвэр ноо­луураар оёж байлаа. Их ч сайхан дээл болсон. Есөн ширхэг алтан товч хадуулж байсан юм. Тухайн үед амьд байхад алтан товч барьж үздэг юм байна гэж залбирч билээ. Харин одоо бол алтан товчтой дээл хэвийн зүйл болсон шүү дээ. Биз­нес­­мен, баячууд чинь алтан товч­той дээл хийлгэж байгаа гэж битгий хэлээрэй гэдэг юм. Алтан товчтой, ноолууран дээл бол ердийн хувцас болчихсон. Сүүлийн үед харин малгайныхаа оройг алтаар хийлгэ­дэг болчихоод бай­на" гэсэн. Гэхдээ бэлэн товчноос илүүтэй зангидсан товч илүү ур шингэсэн харагдаж байна лээ. Ер нь очир хэлбэртэй зангидсан товч урт наслуулдаг, хэл амнаас хам­гаалдаг бэлэгдэлтэй гэж ярьдаг.

Улаан торгон дээр цагаан сув­даар ланз хээ хатгаж байх юм. Холоос харахад цагаан хээтэй улаан торго гэж харагдахаар юм. Харин ойроос бол жинхэнэ ур шингэсэн, нүнжигтэй эд. Ингэж гараар хээ хатгаж оёсон дээл 750 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Багш нарын баярт зориулсан хүрэн торгон дээр хар шүрээр хээ татуул­сан загварын дээл бусдаасаа арай өвөрмөц харагдаж байв. Эрэгтэй дээлэн дээр ч эмжээрийн өнгө дагуу материалаар ар, өвөрт нь ланз хээ тавьж оёдог болжээ. Тасралтгүй үргэлжлэхийн бэлгэдэл ланз хээтэй дээл бусдаас өвөрмөц, тансаг харагдуулдаг гэнэ. Ийм хээ урлуулсан дээл бусдаасаа арай үнэтэй байх юм. Мөн энэтхэгийн сайра оёдог даавуугаар дээл оёсон харагдана. Сайраны хөл буюу хээтэй хэсгээр нь зах, эмжээ­рийг нь дагасан гоёл хийсэн нь өвөрмөц юм. Сайра материалаар урласан эмэгтэй дээл 160-170 мянган төгрөгийн үнэтэй байв. Солонгосын хамбуг торгоор ч дээл хийсэн харагдана. Ерөнхийдөө эрэгтэй дээл 160 мянган төгрөгөөс эхэлсэн үнэтэй бол эмэгтэй дээл 130 мянган төгрөгөөс 750 мянган төгрөг хүртэл үнэтэй юм. Ур хийц нарийн, тансаг материалаар хийсэн байх тутам үнэ ихтэй.

Оёдолчид "Дархан нэхий" ком­панийн бэлтгэсэн нэхийнд өнгө татаж харагдана. Жигд боловс­руул­сан нэхийн дээр хар толбо хийгээд өнгө оруулчихсан боло­хоор сайхан харагдаж байсан. Тус компанийн боловсруулсан нэг дээлний нэхий 600 мянган төгрө­гийн үнэтэй аж. Харин бэлтгэсэн хурганы арьс 15 мянган төгрөгийн үнэтэй зардаг гэнэ лээ. Гэм нь талбай багатай байдаг гэнэ.  Малч­дын бэлтгэсэн хурган дотор, нэхийг сүү, тараг түрхэж элддэг болохоор үнэртэй гэж нийслэлийнхэн голдо­гыг А.Алтантуяа гуай хэлсэн. Хуу­чин хурган дотроо авчираад сэл­бүүлж өнгө татуулдаг хүмүүс ч их байдаг аж. Гэхдээ "Ур ундрах"-ынхан үйлчлүүлэгчдээсээ мате­риал авахгүй, өөрсдийн оруулж ирсэн даавуу, торгоор ихэвчлэн дээл хувцас оёдог аж. Тэд Хятадын улсын үйлдвэр болон Хан-Лугийн торгыг өөрсдөө явж авдаг гэнэ. Даавуугаа Солонгост үзэсгэлэн худалдаанд оролцох далимаараа аваад каргонд ачуулчихдаг аж. Өөрсдөө явж, ажил болгож авсан даавуу торгоо зарахгүй, үйлдвэр­тээ л ашигладаг. Дээлнийхээ дот­рыг ч Солонгос, Хятадын нэртэй үйлдвэрээс авдаг аж. Ширмэл дотор татсан дээлийг харахад зах дээр зарж байгаагаас арай өөр, биетэй харагдаж байсан нь ийм учиртай байж. Ер нь тэд компани гэдэг утгаараа гадуур зарагддаггүй, "Нарантуул" дээр байхгүй материа­лаар урлахыг зорьдог аж. "Ур ундрах"-аас авсан дээл гээд эмжээр нь сэмэрчихгүй, бусадтай адилхан харагдаад байхгүй бол болж байгаа нь тэр гэж ярьцгааж байсан. Энэтхэгийн "Үйтэн" тор­гоны албан ёсны борлуулагч гэнэ. Тиймээс үйтэн торгыг янз бүрээр нь зарж байсан. Дөрөө даах гутал гэдэг шиг нэг насны эд дээ гэж бараагаа магтах юм. Хятадаас оруулж ирсэн торго нь жинхэнэ хүр хорхойн шүлсээр нэхсэн нүнжиг харуулах эд гэнэ. Үйтэн хуар, хилэн хуар зэрэг магнаг болсон тансаг зэрэглэлийн торгоор хийсэн дээл нас тогтсон хүнийг их сайхан харагдуулдаг. "Хүр хорхой Мон­голд үржих боломжгүй учраас хаадын үеэс гадаадаас авчирдаг, ховор эд байсан. Тиймээс магнаг торго гэж дээдэлдэг байж. Хятадууд Манзушир бурхныг шүтдэг. Манзушир бурхныг л гэхэд эрээн мяраан гоёлд дуртай гэж үздэг. Тиймээс луу ороосон, эрээн торго магнагт тооцогддог. Харин монголчууд мал хуйгаа дээдэлдэг Очир дарь  бурх­наа шүтдэг нэхий дээл зэрэг их үнэтэй эдэд тооцогддог. Магнаг байсан учраас монголчууд торгыг их шүтэж ирсэн. Одоо бол өөдөс нь газар хэвтэж байдаг болж дээ" гэж ярина.

АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Оёдлын цехэд байтал худал­дагч эмэгтэй "Таны байнгын үйлч­лүүлэгч гэсэн хүмүүс ирчихээд байна" гэж мастерыг дуудлаа. Тэнд ажиллаж байгаа бүх хүн, охин ч А.Алтантуяа гуайг "Мастер аа" гэнэ. Мастер "Ямар ч захиалга авахгүй. Өмнөх захиалгаа цагаан сараас өмнө дуусгахын тулд амралтгүй ажиллаж байна" гэх зэргээр учир­лавал зөрүүлээд гэрэл зураг гар­гаад ирлээ. Зурган дээр мастер, нөгөө хоёр хостой зогсч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хосууд хуримаа хийхдээ "Ур ундрах" ком­паниар "Миний монгол" загварын дээл оёулжээ. Миний монгол гэсэн бичигтэй торгоор урт пиджак маяг­тай дээл урлуулсан нь хосуудад их сайхан зохисон нь гэрэл зургаас илт. Тэр үед бүсгүй давхар биетэй байжээ. Гэдсэнд байсан хүү нь одоо зургаан сартай гэнэ. Наад­маар монгол дээлний баярт орол­цож явахдаа мастертай таарч зур­гаа татуулсан нь тэр. Гэрийн эзэн Г.Энхтөр "Миний монгол загвар бидэнд үнэхээр таалагдсан. Мон­гол дээлний баярт оролцох гээд очиход л хүмүүс нүд унагаад бай­сан. Наадмаар тэр дээлтэйгээ алхаж байхад хүмүүс хөлнөөс толгой хүртэл хараад явуулдаггүй. Үндэсний хувцасны сайхныг тэгэ­хэд л мэдэрсэн. Одоо бага хүүдээ "Миний монгол" загварын дээлийг захиалчихвал гэр бүлээрээ цагаан сарын гоёлтой болчих гээд байдаг" гэж гуйна. А.Алтантуяа "Ингээд ирж байгаа хүмүүсийг яаж хоосон бу­цаах билээ. Зургаан сартай хүүх­дэд загварын дээл арай ахадна. Сайхан баринтаг оёод өгье. Хоёр нас хүрэхээр нь "Миний монгол" загварын дээл оёж өгөхөө амлаж байна" гээд хүүгийн хэмжээг аваад буцаалаа. Тэдний дараа ирсэн залуу хосын залуу нь мастерын хүүтэй адилхан харагдсан учраас хайр нь хүрч арын хаалгаар за­хиал­­гыг нь авахаар болов. Бүсгүй, залуу хоёр монгол дээл огт өмсч үзээгүй. Сүүлийн үед үндэс­ний хувцас сайхан санагдаад байдаг болчих­сон учраас зорьж яваа нь тэр. Бүсгүй дээл өмсч үзэхэд нөхөр нь сайхан харагдаж байгааг нь шагшина. Мастер "Дээл зохи­доггүй монгол хүн гэж үгүй. Европ хувцас хүний галбирыг дараад байдаг сул талтай. Харин сайхан дээл бол цэмбийсэн цэгцтэй хараг­дана шүү дээ" гэнэ. Хосууд тэнд Солонгосын цэвэр ноолууран дээл захиаллаа. Дээлэн дээрээ цэвэр мөнгөн товч хадуулах гэнэ. Солонгос ноо­луу­ран дээл 450 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр хосууд сар шинийн гоёлоо нэг сая төгрөг гараад явчих юм байна гэж тооцоо бодсоор гарлаа.

Арын хаалганы захиалагчид Д.Долгорсүрэн зааны хамаатнаар үргэлжиллээ. Д.Долгорсүрэн заан "Ур ундрах"-ын байнгын үйлчлүү­лэгч. Тиймээс ч хамаатныхаа дүүд хаягийг нь зааж өгөөд явуулсан гэнэ. Эхнэр нь "Сайн хүний нэрийг арав худалдаж иднэ гэдэг энэ. Зааныг бодоод дээл оёж өгч дээ" гэж ирээд шалаад салдаггүй. Хэсэг хугацаанд шалуулсны эцэст ноолуу­ран дээлний захиалга ава­хаар боллоо. Тэдэнтэй зам нийлж дээл хайж явсан эрэгтэй дэлгүүрээс 170 мянган төгрөгөөр шар даавуун дээл авахаар боллоо. 40 шахам насны тэр эрэгтэй сонгосон дээлээ томдож байна гэх янзтай. Худал­дагч эрэгтэй хүнд уужим дээл сай­хан харагддагийг зөвлөнө. Үнэн­дээ ч шар дээл тэр хүнд яг таарсан харагдаж байв. Тэднийг гарсны дараа хүүдээ хантааз, ой гаруй настай охиндоо малгай, гэргийдээ дээл авна гэх мэтээр үйлчлүүлэгчид тасрах янзгүй. Тэр бүрт мастер оёдлоо орхиод зөвлөгөө өгнө. Үйлч­лүүлэгчид малгай сонгох нь ховор юм. Хүүхдэдээ зориулж дөрвөн талтай малгай авах хүн байхаас яг өөртөө аваад гарч байгаа хүн алга. Харин захиалга өгсөн хүмүүс дээл­нийхээ өнгийг оруулсан малгай захиалдаг гэнэ. Аав хүү хоёулаа ижил загварын "Жавхлан" малгай захиалсныг оёдолчин оёж байна. Эхнэр мөртэй уужны загварыг өөрчлөөд хантааз оёчихсон нь эрхэмсэг харагдана. Бүсний тухайд ойрын жилүүдэд дээлний эмжээр­тэй өнгө дагуу гариг бүс голлох загвар болжээ. Гариг бүс гэдэг нь үзүүртээ цацагтай. Тэр цацгийг нь унжуулж өмсөх зориулалттай эд. Дурдан бүстэй харьцуулахад биетэй эд юм. Мөнгөн болон суран бүс тэр бүр бүслэхээ больсон гэнэ.

Хуучин ахуйн үйлчилгээнд ажил­­лаж байсан оёдолчид монгол гутал оёсноо "Ур ундрах"-д нийлүүл­дэг аж. Хүүхдийн гутал өнгөрсөн жил 70 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил 100 мянган төгрөгт хүрсэн гэнэ. 52 угалзтай монгол гутал 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Долоон настай хүүдээ монгол гутал авах гэж ирсэн хүн хүүхдийн гутал харчихаад "Ямар том эд вэ. Бараг манай эхнэрт таарах юм байна" гэснээ оймсыг нь хараад хүүд минь багадна гэх юм. Тэгэхээр монгол гутал харагдаж байгаа шигээ том биш дотроо зай бага байдгийг үйлчлүүлэгчид тэр бүр мэдэхгүй байгаа бололтой. Зарим хүн "Танай хороололд бай­даг салбар дэлгүүрт чинь очлоо. Сонголт бараг байхгүй байна. Энд ир гэж худалдагч нь зөвлөсөн. Энд ч бараг дээл дуусчихсан байна. Цагаан сараар олон дээл бэлт­гэчихэж болдоггүй юм уу" гэж гом­доллох юм. Оёдолчид цөөтэй болохоор жилийн дөрвөн улиралд ачаалалтай ажилладаг. Худалдах дээл олноор нь илүүчлэх боломж­гүйг тэднийхэн учирлана. Ер нь сүүлийн жилүүдэд үндэсний хувцасны эрэлт ихэссэн. Харин үйлдвэрлэгч цөөн байдаг гэнэ. Хэдхэн жилийн өмнө "Ур ундрах" компани байшингийн подвальд хэдхэн оёдлын машин тавиад суудаг байсан. Харин одоо хоёр ч салбартай, өөрийн гэсэн байртай болчихсоныг харахад үндэсний хувцас урлах бизнес хөгжих бо­ломж байгаа бололтой юм.

Захиалгаа хаачихсан гэх мөрт­лөө тэд үйлчлүүлэгчдээр тасрах­гүй, тун завгүй ажиллах юм. Захиал­сан дээл нь гарчихсан гэж утсаар мэдэгдэнэ. Шинэ дээлнүү­дээ уутанд хийнэ. Үйлчлүүлэгчдэд дээл өмсгөж үзүүлж, зөвлөгөө өгнө.  Мастераасаа эхлээд үйлчлэгч нь хүртэл зав зайгүй ажиллах юм. Мастерын бяцхан зээ охин хүртэл хүүхдэдээ хувцас авах гэсэн хүний сонгосон хувцсыг өмсөж үзүүлэх мэтээр том үүрэг гүйцэтгэж байв. Сүүлдээ гэрэл зурагчин маань хүүдээ хантааз авах гэж байгаа эмэгтэйд тусалж, "Надад бол ийм харагдаж байна. Харин танай хүү надаас махлаг уу" гэх мэтээр зөв­лөж байгаа харагдана. Бэлэн бол­сон дээлийг уутанд хийх, үйлчлүү­лэгчдийн өмсч үзсэн дээлийг мо­дельд өмсгөх гэх мэтээр бид ч бас тэрүүхэндээ их ажилтай өнжлөө.

ИРЭХ ЖИЛИЙН "БОЛОР ЦОМ"-ЫН ЭЗЭН ИЖ БҮРЭН ХУВЦАС БЭЛГЭНД АВНА

Биднийг өнжүүлсэн "Ур ундрах" компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяа гуай 13 насандаа дээл оёж байснаа хуучиллаа. Аав нь есөн өнчин хүүхэдтэй үлдчихээд дээлээ ганза­га­лаад саахалтынх руу мордож бай­гааг хараад "Би дээлийг чинь оёж чадна" гээд буцааж байсан гэдэг. Тэгээд дөрвөн төгрөгийн үнэтэй байсан даалимбаар аавдаа хөвөн­тэй дээл оёж өгсөн нь багадас­хийгээд таарсан гэдэг. 20 төгрөгийн таван метр даалимба эвдэж байсан маань санаанаас гардаггүй гэж хуучилна. Бүр най­ман настай­гаа­саа дэвсгэр ширж өрөм зөөхий­гөөр шагнуулдаг байжээ. Ээж маань их сайхан дуулна. Уртын дуу дуулаад л дэвс­гэр ширнэ. Аавыг маань Б.Аюур­зана гэдэг. Өвөрхангайн уугуул хүн дээ. Насаа­раа талх, нарийн боовны цэхэд ажилласан даа, хөөрхий. Бид чинь сайхан ширмэл ширдэг дээр талх боов идэж өссөн хүүх­дүүд гэж ярих. Ер нь А.Алтан­туяа гуай оёхоос өөр ажил хийж бай­гаагүй гэсэн. Түүгээрээ ч ба­хархдаг. Олон улсад үзэсгэлэнгээ гаргасан. Өнгөрсөн жил Солонгост болсон олон улсын уралдаанаас үндэс­ний­хээ хувцсаар мөнгөн медаль хүртжээ. Өөрийн улсад үйлдвэрлэ­сэн даавуу байхгүй гэх шалтгаа­наар алтаас ухарсан гэнэ. Харин энэ жил Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даш-Өлзий дотооддоо даавуу үйлдвэрлэж байгаа. Мөн говийнхоо ноолууран даавууг аваад явахад түрүүлэхгүй хаачих билээ гэж бардамнаж байв. "Мон­гол дээл хаана ч үнэтэй шүү ээ. Гадаадад дандаа дээлтэй очдог. Хүн бүр бахархаж хардаг юм. Тиймээс ч монгол дээлнийхээ тө­лөө насаа элээж явна" гэж ярина. Үзэсгэлэнд авч явах дээлэндээ уламжлалыг илүү шингээдэг гэнэ.  Найр хуриманд оролцож байгаа бүх хүн сайхан харагдаж байгаа­сай гэж хүсдэг. Тиймээс ч "Болор цом"-ын эзэнд жил бүр дээлээ бэлэглэдэг уламжлалтай болоод 10 шахам жил болж байна. Ардын уран зохиолч Д.Урианхай гуайн дээлийг жаахан багадуулж, Ш.Лхам­норжмоо найрагчид эрэг­тэй дээл бэлэглэс­нийг эс тооцвол бэлэг эздэдээ яг таарсан гэнэ. "Эрэгтэй дээл бэл­гэнд авснаас хойш ханьтай, үр хүүхэдтэй болсон гэж их бэлэг­шээдэг юм билээ. Луу ороосон хээтэй их сайхан дээл өгсөн дөө. Хүнд ч үзүүлдэггүй юм гэнэ лээ" гэж ярьсан үйл бүтээгч маань С.Оюун УИХ-ын гишүүн болохдоо буруу талдаа энгэртэй, хятад дан дээл өмссөн байхыг хараад өрөвдсөн­дөө уйлж байсан гэнэ лээ. Дараа нь дуудаж авчраад дээл хийж өгч байсан гэнэ. Японы Элчин сайд Ханаду, зохиолч Ш.Дулмаа, бур­ханч лам Г.Пүрэв­бат зэрэг олон хүнд дээл бэлэглэж байжээ. Н.Бүлтэн эмч гэх мэт зориулж оёсон дээл нь сайхан болдог хүмүүс олон бий гэнэ. "Болор цом"-ын 30 жилийн ойгоор түрүүл­сэн найрагчид иж бүрэн хувцас бэлэг­лэхээр төлөв­лөж байгаагаа ч ярь­сан. А.Алтан­туяа гуай хоёр охиноо ч оёдолчин болгосон гэнэ. Том охин нь япон хэлний багш, гадаа­дын хөрөнгө оруулалттай компа­нид орчуулагч хийж байхад нь ажлаас нь гаргаад оёдолчин болго­сон гэнэ. Бага охин нь санхүү­гийн мэргэжилтэй ч мөн л өөр дээрээ авч малгай оёх арга ухааныг сургажээ. Битүүний шөнө дүү нар, хадмууд нь бууз баншийг нь бэлтгээд манай хүн дээл оёод л сууж байдаг байж. Одоо ч гэрийн ажилд ер оролцох­гүй. Ханьдаа цагаан сар бүрээр шинэ дээл өмсгөдөг уламжлалтай. Хадмууд нь өдийг хүртэл уран бэртэйгээ хамт амьдарч байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Үзсэн: 2364  
Ур Ундрах ХХК © 2014. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.