А.Алтантуяа:Дэвжих төрийн монгол дээл хариар овоглох харамсалтай

Монгол Улсын мастер оёдолчин, Худалдаа, үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, "Ур-Ундрах" компанийн захирал А.Алтантуяатай уулзаж ярилцлаа.

-Монгол хувцас хийх ур үйлээрээ танай оёдолчдыг сайн гэж ярих юм. Монгол дээлийг хятадууд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн талаар мэргэжлийн үйлчний хувьд та ямар бодолтой байна?

-Монгол дээлийг хятадууд ЮНЕСКО-д бүртгүүллээ гэж сонсоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Монгол дээлийг XIII зуунаас монголчууд өмсөж ирсэн хувцас гэж би хувьдаа боддог. Сүүлийн 30 гаруй жилийн хөдөлмөр минь дээл хийх үйлтэй салшгүй байж ирлээ. Монгол дээл маань дэлхийд хосгүй хувцас л гэж би хэлнэ. Энэ хувцсаар өвөг дээдэс минь хэрэглэж, гоёсон. Бид өвлөж авсан. Хойч үе минь бас гоёосой, өмсөөсэй гэж бодож байна. Монгол үндэсний маань хөөмий, морин хуур, уран нугаралтыг хүртэл БНХАУ ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн сонсдож байна. Монголын төрийн толгойд байгаа хүмүүс хүртэл монгол дээлээ өмсөхгүй байснаас л наанадаж ийм байдал үүслээ дээ. Монгол хүн болж төрөөд энэ уудам сайхан нутагтаа дээл өмсч хүний зэрэгт хүрчихээд монгол хувцаснаасаа юундаа ч ичдэг юм. Би их гайхдаг. "Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс" хэмээх дөрвөн цогц хувцаснаас монгол хүний имиж бүрддэг юм билээ. Энэ миний үг биш мэргэдийн үг. Үүнийг л би байнга бодож, өөрийн үүсгэн байгуулсан компаниа өргөжүүлэн, өөрийнхөө туршлагаас ард түмэндээ үлдээх сэн гэж зүтгэж явна. Хэдийгээр миний гавьяа биш ч монгол хувцас минь хоёр ч удаа дэлхийн шилдэг хувцас боллоо. Аливаа улс үндэстний оршин тогтнохуйн эх үндэс нь өвөг дээдсээсээ уламжилж ирсэн оюуны болон эд өлгийн соёлыг өвлөж, баяжуулж, хэрэглэж ирснээрээ онцлог байдаг юм болов уу. Япончууд кимоногоо, солонгосчууд хангүг үндэстнийхээ хувцсыг хэрэглэж л байна. Хятад бас үндэстнийхээ хувцсаар гайхуулдаг. Аливаа улсад зорчиж байгаа гадаадынхан үндэснийх нь гар урлалыг л хамгийн түрүүнд сонирхож байдаг.

-Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" яруу найргийн наадмын тэргүүн найрагчид та монгол дээл гардуулж ирсэн нь нэг талаас ивээн тэтгэлэг, нөгөө талаас монголоо дээдэлсний шинж гэж ойлгож болох нь ээ?

-"Болор цом"-ын түрүү найрагчид сүүлийн найман жил монгол дээлээ өргөн барилаа даа. Сая түрүүлдэг Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч утасдаад "Эгч ээ, таны бэлэглэсэн дээл яг таарсан шүү" гэхэд баярлаж л байлаа.

-Ш.Лхамноржмааг түрүүлдэг жил эрэгтэй дээл өгсөн яриа байдаг...

-"Эрдэнэт" үйлдвэрийн 30 жил, "Болор цом"-ын 25 жилийн ой таараад Орхон аймагт тэр жилийн наадам болсон юм. Зохиолчдын хорооныхон "Эрэгтэй хүн л түрүүлэх байх. Та вагонд суугаад явчих" гэхээр нь ачаанаас тээршаагаад эрэгтэй дээл аваад очихгүй юу. Уг нь би жил бүр хоёр дээл авч очдог юм л даа. Ш.Лхамноржмааг түрүүлэхээр нь "Миний дүү очоод солиулаад аваарай" гэтэл тэр алтан луутай цэнхэр дээлийг үзчихээд "Их билэг дэмбэрэлтэй юм боллоо. Солиод яах юм бэ" гэсэн шүү.

-Энэ жилийн түрүү найрагчид ямар дээл өргөн барив?

-Болдог сон бол тайзан дээр дээлийг нь өмсүүлж үзмээр санагддаг. Сэтгүүлч, сурвалжлагчид яриа авах гээд тийм боломж найрагч нарт олддоггүй л дээ. Ширмэл дотортой, хүрэн пүүсүү эмжээртэй, солонгос даавуун дээл бэлэглэсэн. Би зохиолч нараа ном гэж боддог хүн. Тиймээс "Номын баринтаг хийж байна" гэж боддог. Ямар ч байсан тэтгэвэрт гартлаа зохиолч нартаа баринтаг хийнэ гэж бодож байгаа шүү.

-Энэ жилийн "Болор цом" дээр та ээжийн тухай шүлэг уншиж байсан. Олон ч хүн уярлын нулимс унагаж байна лээ. Хүүгийн тань шүлэг гэл үү?

-Тэр их учиртай шүлэг юм аа. (хоолой нь зангирав. сур) Миний хүү Б.Ууганбаяр 2006 онд Исламын бүгд найрамдах Афганистан улсад Японы "Жайка"-гийн шугамаар олон улсын нисэх буудал барих ажилд томилогдон очиж хэдэн сар ажилласан юм. Тэнд барилгын цахилгаан шугам тавьж байгаад ирэхээсээ хорьхон хоногийн өмнө бурхан болсон юм. Хоолны хордлого гэсэн оноштой байсан ч нас барсан шалтгаан нь тогтоогдоогүй. Үүнд л би харамсдаг. Ганц хүүгийн маань эдэлж хэрэглэж байсан чемодантай зүйлсийн дотроос нэг тэмдэглэлийн дэвтэр олдсон юм. Хүү маань багадаа "Ээж ээ, би яруу найрагч Дашдоржийн Нацагдорж шиг хүн болно" гэж мөрөөдлөө байнга ярьдаг байсан. Ном их уншдаг нь ч нөлөөлдөг байсан байх. Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг Тамир" романыг цээжээр мэддэг, Р.Чойномын шүлгүүд, гадаад дотоодын олон зохиолчдын бүтээлийг нэвт мэддэг хүүхэд байлаа. Афганистанд байхдаа бичсэн "Ээждээ" шүлгийг нь сая би уншсан. Ардын уран зохиолч П.Бадарч гуай, зохиолч Ц.Энхбат нар намайг хүүгийнхээ шүлгийг уншаарай гэж захьсан юм. Бадарч найрагч хүүгийн минь шүлгүүдийг сонсоод "Ямар билэг танхай хүү яасан ч эрт буцчихав даа" гэж харуусан "Бөмбөл эрдэнэ үр минь" гэсэн сайхан дууг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөртэй хамтран бүтээж өгсөн дөө. Би хүүгээ "Бөмбөл эрдэнэ" гэж өхөөрддөг байсан юм. Хүмүүст хандаж хэлэхэд бид чинь үр хүүхдээ ойлгодоггүй юм байна шүү, тэд алс хол байсан ч аав, ээж биднийгээ гэсэн их хайрыг тээж явдаг байна шүү гэе дээ.

-Хүүгийнхээ үлдээсэн тэмдэглэлийн дэвтрийг ном болгон хэвлүүлбэл сонин доо?

-"Орхоны шуугиан" хэмээх нэгэн ном болгон хэвлүүлж байгаа. Нийтдээ дөч гаруй шүлэгтэй. Ц.Буянзаяа захиралтай хэвлэлийн газар хэвлэж байна. "Болор цом" дээр би дээжийг нь авч очсон. Энэ номыг манай Өвөрхангайнхан, миний хүүгийн ангийнхан баяртайгаар хүлээж авах байх. Нутаг ус, эх орны болон хайрын сэдэвтэй олон шүлэг байна лээ.

-Хоёулаа үндсэн сэдэвтээ эргэж орох уу. Та бодвол нэр алдартай олон хүнд дээл урлаж өгсөн байх?

-Монголдоо алдартай олон сайхан хүн ирж дээл хувцас захиалдаг шүү.

-Нэрлэж болох болов уу?

-Нэрлээд ч яах вэ дээ. УИХ-ын Тамгын газрынхан цагаан сараар өмсөх дээл, гутлаа арваннэгдүгээр сар гэхэд захиалгаар хийлгэсэн. Тэр хүмүүст "Ур-Ундрах"-ын дээл сайхан таараад, сэтгэлд нь таалагдаж л байвал бол оо доо. Би УИХ-ын гишүүн Л.Гүндалайд нэг сайхан дээл хийж өгье, ирээд хэмжээгээ өгөөрэй гэсэн юм. УИХ-ын танхимд нэг саарал дээлтэй орж ирээд сууж байгаа нь аргагүй л монголжуу харагддаг шүү. Францад байх аа манай элчин сайд монгол хувцастайгаа очоод итгэмжлэх жуух бичгээ өргөн барихад зурагтаар хоёр өдөр шахуу онцлон гаргаж байсныг санаж байна. Яагаад манай элчин сайдыг тэгж олонтаа гаргаж байна гэхээр Монгол Улсын сайд хүн тэр гайхамшигтай хувцсаа өмсөж очсонд л утга нь оршиж байсан юм билээ. Улаан залаатай малгайгаа залаад, дээлээ өмсөөд, хадгаа барин очиж байгаа нь ямар сайхан байсан гээч.

-Та өөрөө гадаадад очихдоо монгол хувцсаараа л гоёно биз?

-Уржнан би БНСУ-д явж байтал монголчууд маань ирж их л бэлгэшээлтэй хандаж байлаа. Монгол Улс дэлхийн газрын зураг дээр байгаа нь үнэн шиг гадаад паспортоо өвөртлөөд одохдоо ч монгол хувцсаараа гоёж явбал үндэсний бахархал тэр л болно. Би хаашаа ч явсан монгол хувцсаа заавал өмсдөг. Энэ миний монгол хүн болсны минь тодотгол.

-Сайхан хувцас урлахад сайн эд хэрэгтэй нь мэдээж. Танайх хаанаас бараагаа татдаг вэ?

-Манай материал авдаг газар Бээжингээс цааш хоёр мянган километрын хол. Гуанжоу, Лин Пинь, Дайлянь хотуудаас авдаг. Номхон далайн хөвөөн дээр байдаг хотууд.

-Олон улсын үзэсгэлэнд та оёж урласан олон бүтээлээрээ оролцож байсан уу?

-Хөх хотын 60 жилийн ойд уригдахдаа 30 гаруй дээлтэй очиж байсан. Хөх хотын дарга Ян Жин манай бүтээгдэхүүнүүдийг үзээд шагширч байсан. Хоёр гурван ч оронд үзэсгэлэнд оролцсоон. Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимынхан чинь энд л их том яриад байдаг ч Солонгос зэрэг гадаадын улс оронд очоод яасан ч жижгэрдэг юм бэ гэж би боддог. Том том үзэсгэлэнгийн талбайд ямар бага зай авдаг гэж санана. Солонгост яг үнэндээ манай үйлдвэрлэсэн хувцас л нүүр тахалж байсан. Монгол энгэртэй жанжин хантаазыг үзсэн нэг франц хүн "Энэ хувцсыг авъя. Марко Пологийн үеэс монголчууд ийм хувцас өмсөж ирсэн юм билээ" гэж орчуулагчаараа дамжуулан авч байсан. Соёлт ертөнц чинь биднийг үүх түүхтэй нь судалчихсан байдаг юм байна шүү дээ. Хүн энгэртэй хувцсыг монголын үндэсний хувцас гэж итгэлтэй хэлж болно.

-Хүн энгэртэй гэхээр ямар байх вэ?

-Баруун  талаасаа өврөө уудалдаг дөрвөлжин захтай дээл, хантааз байхгүй юу.

-Сүүлийн үед хүрэм шиг тууш энгэртэй хувцас их өмсөх болж. Тэр ямар үндэснийх гэж та бодож байна?

-Тэр бол жинхэнэ Хан үндэстний соёл руу ойртоод байгаагийн шинж шүү.

-Хятадууд дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд байгааг дэмжиж байгаа юм шиг "Дээл угаасаа монгол үндэстний хувцас биш" гэх хандлагатай хүмүүс ч байна. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Би л лав үүнтэй санал нийлэхгүй. Манжийн үед яагаад монголчууд оюун санаагаараа энэ сайхан хувцсаа авч үлдсэн гэж бодож байна. Өндөр гэгээн Занабазар монгол эхнэр дээлийн мөрийг хийсэн гэж байгаа юм. Яагаад бүтээсэн гэхээр тулганы дотоод тотгыг хэрээний хошуу шиг хийж л дээ. Тэр муу ёрыг зайлуулж эхнэр хүний дээлийн мөрийг бүргэдийн далавчны хэлбэр оруулан урла гэсэн байгаа юм. Хэрээг бүргэдээр мануулахаар хаашаа зайлах билээ дээ. Тийм л ухаантай ард түмэн шүү дээ. Энэ бүхнийг судалсан мэдсэн улс дээлийг харийнх гэж хэлж зүрхлэхгүй байх л даа.

-Эхнэр дээл зөвхөн музейд л харагддаг эд биш бил үү?

-Одоо манайхан эхнэр дээл байтугайг хийдэг болсон. "Монгол костюмс", "Торго" салон гээд олон газар хийж байна. Манайх захиалгаар хийнэ. Ер нь бид уламжлалт зүйл рүүгээ ойртох л хэрэгтэй. Монголчууд бид түүхээсээ хол тасарчихаад байгаа нь харамсалтай. Сүүлийн 70 жилд оросжиж, европ хувцас нэлээд өмслөө. Б.Ринчен гуайн үед монгол дээлээ өмссөн хүнийг МУИС-ийн үүдээр оруулдаггүй байсан гэж байгаа ш дээ. Гунигтай байгаа биз. Ганцхан Ринчен гуай л эр зоригоор ордог байсан байгаа юм. Миний танил үе насныхан байна. Монгол хувцсаа яаж өмсөхөө ч мэдэхгүй. Би тэдэнд монгол газар шороонд монгол хүн болж төрсөн юм бол ядаж л цагаан сараар элэг бүтэн явахын тулд энгэрээ товчилж, бүүрэг бүтэн явахын төлөө бүсээ бүсэл гэдэг юм. "Монгол хүн билгээрээ, хятад хүн хонжоогоороо" гэдгийн хамгийн тод жишээ энэ.

-Урлаг, соёлын алдартнууд танай хувцсыг сайн мэддэг юм байна лээ. Хамтлаг, дуучид тоглолтын хувцсаа хийлгэнэ биз?

-ҮЖЭТ, УДБЭТ гэхэд дэргэдээ оёдолчинтой. Харин манайхаар Их Монгол Улсаан байгуулсаны 800 жилийн ойгоор ОХУ-ын Буриадын "Алтаргана" чуулга иж бүрэн хувцас хийлгэж байсан. Буриадууд үндэснийхээ хувцсыг их хийлгэдэг. Манай улс чинь хоёр үндэстэн, 24 ястантай гэдгийг та юу эс андах вэ. Энэ олон ястан, үндэстний хувцасны зургийг зураач Ханаа судалгаа хийж гаргасан байгаа. 24 ястныхаа хувцсыг улирал, улирлынхаар нь хийлгэж өмсөөсэй гэж уриалмаар санагддаг. Ястан үндэстнүүд яагаад өөр өөр хувцастай байсан нь цусаа цэвэр байлгах гэсэн монголын их ухаан байж. Хөвсгөлийн дархад, Дорнодын барга хоёр гэрлэлээ гэхэд тэс ондоо хувцастай байна биз дээ. Монголын мал сүрэгт хил хязгаар байгаагүй. Одоо хувцсаа ялгах нь байтугай малынхаа бэлчээрээс болж алалцаж байгаа нь хэцүү еэ.              

 

Ээждээ

Алтан, мөнгөн загас мөрөн дээрээ наадуулсан

Авралын дээд бурхан миний зүүдэнд ирэв.

Алтаа ээжийн минь захьсан үг шиг сайхан

Ардын сургаалийг надад тэр бурхан айлдав.

Инээмсэглэл тодорсон нүдийг нь харахад

Ижийтэй минь адилхан харагдсан болохоор

Эрхгүй уйлмаар санагдсан юм

Ижийдээ очмоор бодогдсон юм

Мичдийн зургаан гялаан оройд мандсан шөнөөр

Мэндийн цэнхэр хадаг тоононд намирах монгол гэртээ

Цэл залуухан настай миний сайхан ижий

Цэцгийн дэлбээ шиг үрээ бүүвэйлэнхэн суусан

Одоо том болж эрийн цээнд хүрлээ ч

Онож, алдахын завсарт бүдэрч явнаа хүү чинь

Дэргэд чинь байхгүй үедээ халтирч гишгэх гээд байх юм

Дэлгэр зуны цагаар ч сэтгэл жиндээд болохгүй нь ээ

Зөөлөн бүүвэйн дуу үе үехэн сонсогдоод

Зүүн мээмээрээ даллав уу, ижийдээ очмоор байх чинь.

Зүсрэх бороотой шөнөөр бурхан дүрээр ирээд

Зүйтэй ариун сургаалаа одоо надад хэлэв үү.

Хувилгаан бурхад байдаг ч ижийн минь хаана нь хүрэх вэ

Хугас нойртой шөнийг нь хорвоод юугаар нөхөх вэ

Хуудасхан шүлгээ зориулаад магнайн үрчлээ тэнийх үү

Хугацаа товлоогүй амьдрал нь хэзээ дуусахыг мэдэх үү

Зургаан сарын цэцэг намар хагдрахын адил

Зурвас шөнийн зүүдэнд санчиг буурал харагдав уу

Зураг хархан нүдэнд нь нулимс хуруулж явсан

Зуны бараан шөнүүд одоо надад үзэгдэв үү

Мэдээ орсон цагаас л дэггүй томоогүй өслөө

Мэдрэл муутай төрөөгүй ч дандаа зовоож явсан

Тэнэг балчир нас минь одоо ч хэвээрээ өтөлж

Тэнгэр бурхандаа залбирч сүүгээ өргөж сууна уу

Зуу зуун жилээр дэргэд чинь байж чадахгүй нь ээ

Зудтай өвлийн цагаар галыг нь асааж явбал

Шүүдрийн дусал түүхээс амьдралд арай ойроор нь

Шөнийн цагаар хөлчүүрч санааг нь зовоохгүй байвал дээр ээ.

А.Алтантуяагийн "Болор цом-27" наадам дээр уншсан хүү Б.Ууганбаяр агсных нь шүлэг

Нүүр  |  
Categories Мэдээ Posted on