А.Алтантуяа: “Уран хүн нүүрний буянтай” гэж хууччуул ярьдаг

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан “Болор цом” наадмын тэргүүн байрын хурдан “ажнай”-г оюун ухаан, ур хийцээрээ гайхагдсан дээлээрээ мялаадаг  “Ур ундрах” компанийн захирал, мастер оёдолчин  А.Алтантуяатай ярилцлаа. Түүнийг Монголын алдар цуутай бөхчүүдийн дээлийг урладаг гэдгээр нь андахгүй. Түүнтэй монгол дээлний талаар хууч хөөрлөө.
-Эрт дээр үеэс монголчууд уран хүнийг бурхан ухаантай гэлцдэг байсан.  Энэ үгнээс харахад үнэхээр  бурхантай зүйрлэж хүндэтгэдэг байж. Та ч энэ хүндлэлийг хар багаасаа хүртэж явсан шүү дээ?

-Тэр ч үнэн шүү. Би арав гаруйхан наснаасаа юм оёж эхэлсэн. “Уран хүн  нүүрний буянтай”  гэж хууччуул ярьдаг. Одоо ч гэсэн би нүүрний буянтай яваа гэж боддог. Энд тэнд явж байхад “би таниар тийм хувцас оёулсан. Их баярласан шүү” гэж хэлэхэд урам авдаг даа. Ингээд бодохоор төр, түмэн олныхоо буяныг хүртэж явна  даа.


-Таныг айлын бэр болоход хадмууд тань уран гээд л ихэд бахархаж  бушуухан хүүтэйгээ  гэрлүүлж байсан гэдэг?

-Хүнийг хайрлаж өсгөнө гэдэг хамгийн агуу дээд мэргэжил гэж эгч нь боддог.  Манай хадам аав ээж маань 11 хүүхдээ эрүүл саруул, зөв хүмүүжилтэй өсгөснөөр нь өөрийн эрхгүй бахархдаг. Хадам аав, ээжийнхээ  төрүүлж өсгөсөн зөв хүмүүжилтэй ууган хүүтэй нь ханилсан минь  миний  үйл үрцний буян гэж бэлгэшээж суудаг. Өдий 30 гаруй болоход хадам аав ээж маань нэг ч удаа над руу муухай харж, муу хэлж байгаагүй.


-Хадам аав ээж гэснээс уран бэр нь аав ээждээ хэчнээн дээл урлаж өгсөн бэ?

-Би тоолж үзээгүй. Бэр нь болсон цагаасаа хойш өөрийн аав ээж шигээ санаж адилхан л хувцаслаж ирсэн. Хадам аав ээжийгээ үндэснийхээ баяраар бусдаас илүү гоё байгаасай гэж боддог. Тэр ч утгаараа нойр хоолоо хасч сэтгэлээ шингээж урлаж өгдөг.  


-Аливаа хүнд зориулсан хувцас сэтгэлээс нь хамаарч сайн муу янз бүр болдог гэдэг. Тэр үнэн үү?

-Нээрээ  тийм шүү. Зарим хүний хувцас яаж ч  хичээгээд бага зэрэг алдаа гардаг. Сайхан сэтгэлтэй сайн хүний хувцас үнэхээр өөлөхийн аргагүй болдог. Тухайлбал Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн хаан найргийн хатан Ш.Дулмаа гээд миний олон сайхан зохиолч нөхөд бий. Тэдний минь хувцас үнэхээр сайхан маш хурдан бүтдэг. Энэ миний хамт олны нөр их хөдөлмөр шингэсэн байдаг. Миний хамт олон оёдол үйлэнд үнэн сэтгэлээсээ дуртай сайхан сэтгэлтэй маш их хөдөлмөрч хүмүүс бий. Миний өдий дайтай яваа минь хамт олны минь ач тус, буян заяа гэж боддог.


-Та зохиолч нар урьд насандаа өртэй байсан байх аа. Жил бүрийн “Болор цом”-ын тэргүүн байрны эзэнд үнэхээр олны нүд унахаар дээл бэлэглэдэг. Дан ганц  энэ наадам ч биш. Ер нь олон зохиолчдод  дээд бэлэглэсэн гэдэг?

-Би зохиолчдоор үнэхээр бахархаж өөрийн эрхгүй хүндлэл төрдөг. Эгч нь тийм сайхан зан ааштай хүн биш дээ. Тэгэхдээ зохиолч нарынхаа өмнө өөрийн эрхгүй бөхөлздөг дөө.  Ардын уран зохиолч, Төрийн шагналт  Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч тэргүүтэй олон сайхан зохиолчийнхоо өмнө тэргүүн бөхийж явдаг.


-Та  саяхан “Эх орон” телевизээр  “Дэлхийд гайхагдсан монгол хувцас” нэртэй цуврал хичээл заасан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Дэлхийд гайхагдсан монгол хувцсаа сурах хүнд зааж өгөхдөө дуртай байдаг.  “Эх орон” телевизээр дээл хэрхэн эсгэхээс эхлээд бэлэн болтол нь заасан байгаа.


-Дээл эсгэх гэснээс “оёдолчин  нь эсгүүрчиндээ мөргөдөг” гэдэг?

-Тэгэлгүй яахав. Дээл эсгэнэ гэдэг хамгийн чухал. Цай чанахтай зүйрлэхэд сайн чанарын рашаан л гэсэн үг.  Тэр дээл эзэндээ таарах эсэх нь эсгүүрээс эхэлдэг.  Тийм учраас оёдолчин хүн заавал мөргөдөг учиртай.  Тиймээс Монголчууд өдрийн сайныг сонгон дээлээ эсгэдэг. Түүнчлэн царай зүс, нуруу туруу сайтай уран гартай сайхан эмэгтэйгээр дээлээ эсгүүлбэл тэр дээл сайхан болно гэж үздэг байсан.


-Дээлийг хаанаас нь эхэлж оёдог вэ?

-Хамгийн түрүүнд цаваг нааж, нарийн өөг авна. Үүний дараа эмжиж эхэлнэ. Эмжээр нэг, хоёр, гурав ч байж болно.  Хүүхдийн дээлийг ихэвчлэн нэг эмжинэ. Том хүний дээл болон эмэгтэй хүний дээлийг хоёр эмжинэ. Дээлийн эмжээр нь давхар, дан, хашиж, гурав , өргөн, нарийн зэрэг нэлээн хэдэн төрлөөр эмждэг. Эрэгтэй хүний гоёлын дээлийг голдуу гурав эмждэг дээ. Сүүлийн үед хүрээ эмжээр буюу өргөн, нарийн  хоёр эмжээрээр  эрэгтэй хүмүүс эмжүүлдэг болсон.  Эмжээрийн дараа  дээлнийхээ арын болон өврийн гол хэсгийг оёно. Мөн манцуй залгаасыг залгана. Дараа нь өнгө, дотор хоёроо нийлүүлж эсгэнэ. Дотроо оёсны дараа  хажаасаа оёно.


-Хажаасанд хэмжээ гэж байх уу?

-Байлгүй яахав. Улын хэмжээ бол 4,5 -5 см байсан. Одоо зарим хүмүүс дээлийг хажихгүй хийх юм. Энэ бол сүүлдээ дотор нь цухуйж гарах учир заавал хажих хэрэгтэй. Хажаасаа оёсны дараа дээлний их бие, дотор хоёроо хавсарч нийлүүлж оёно. Нийлүүлж оёсныгоо сайхан нааж индүүдсний дараа  сугаа суулна / дээлнийхээ хоёр талын ташааг нийлүүлж оёж дээлээ бүтэн болгоно/ Үүний дараа хоёр талынхаа ташааг маш сайхан индүүдэж бэлэн болгоод захаа залгана. Захаа  хэмжээний дагуу залгана. Хүүхдийн дээл 28-44 размер буюу хэмжээгээр үйлдвэрлэнэ. Том хүний дээлийг 44-56-гийн хооронд оёх хэмжээ байна.  Жишээ нь, 46 размерийн дээлний захны урт нь 37,5 мм  байна. Захны өндөр нь таван см байна. Энгэрээсээ мөр хүртэл есөн см-ийн зайнд дээлний захны ухлаадсыг тааруулж залгадаг. Зах залгасны дараа товч хадаж дээл бэлэн болдог.  Би мэргэжлийн хүн учраас дандаа стандартын дагуу шавь нар болон ажилчдадаа зааж сургадаг.


-Та дээлэндээ ямар товч хадахыг илүүд үздэг вэ. Сампин зангидах нь ч бас их утга учрыг агуулдаг байх даа?

-Зангидсан товчийг хадахыг эрхэмлэдэг. Учир нь их ур шингэсэн харагддаг.  Тэгээд ч утга нь их бэлгэдэлтэй шүү дээ. Товчийг тооно туших буюу очир хэлбэртэй зангиддаг.  Очир нь хүний нас биеийг хамгаалдаг нандин зүйл. Бурхны номд очирыг их хүндэтгэж үздэг. Дээл өмссөн хүн их хүмүүжилтэй , төв үзэлтэй харагддаг. Сайхан монгол дээл өмссөн эмэгтэй үсээ задгай тавьж болдоггүй. Дээр үед эмэгтэй хүн үсээ задгай тавихад  сэтгэл хоосорч, зовлон шаналал ирдэг гэж цээрлэдэг байсан. Мөн үснийхээ сэвийг ил задгай хаядаггүй шувууны үүрэнд орвол тэр эмэгтэй хүн жаргалтай байж чаддаггүй  гэдэг. Монгол дээл өмсөхөд үсээ боох буюу сүлжих шаардлага зайлшгүй гардаг. Үсээ сүлжсэн эмэгтэй өөрийн эрхгүй монгол төрхтэй харагддаг.
-Таны ярианаас монгол ахуй нэвт ханхалж байгаа нь сайхан байна. Ойрд ийм гоё эгэл яриа хийсэнгүй. Ингэхэд та яагаад хумсаа ургуулдаггүй юм бэ. Хумс нь эмэгтэй хүний гоёл биш гэж үү?
-Миний хувьд л биш. Энэ нь бас л ёс заншилтай холбоотой. Монголчууд хүүхдийн хумсыг  харанхуй шөнө авахаас цээрлэдэг. Учир нь нутаг орноосоо төөрнө гэж үздэг учраас шөнө хумсыг нь авдаггүй байж.  Эзнээ нас нөхчсөний дараа хумс л ургадаг. Тийм учраас цээрлээд хумсаа ургуулдаггүй.


-Оёдолд хэчнээн төрөл байх вэ?

-Нэлээн олон төрөл байна. Нэгдүгээрт, шагалж, хоёрдугаарт, нөхөж  оёно. Гуравдугаарт хавна. Зүү ороох, хонин холбоос, туулай харайлгах гэх мэт нэрлэвэл чамгүй тоо гарна шүү. Шаглаас нь  машин  оёо шиг бөх байдаг.


-Жинхэнэ монгол хүн ишиг, тарвага, ботгоны арьсаар малгай хийж өмсдөггүй гэдэг. Энэ нь монгол хүний бие мах бодь, эрчим хүчинд муугаар нөлөөлдөг гэж би уншиж байсан?

-Таван хошуу малыг хүйтэн  болон халуу хошуутай гэж нэрлэдэг. Түүнтэй холбоотой.  Жишээ нь, ямааг хүйтэн хошуутай мал гэдэг. Дээр үед “тарвага агнасан хүнийг маш их нүгэлтэй” гэж  үздэг байсан гэж өвөө минь ярьдаг байсан. Таргава агнасан хүний нүглийг дэлхий даахгүй” гэж ярьдаг байсан. Тийм ч учраас тарваганы  мах идэх байтугай арьсаар нь  хийсэн хувцсыг өмсөхийг эрс цээрлэдэг байсан. 

 

-Монгол дээлний маань хэв загвар ихээхэн өөрчлөгджээ. Ер нь дээлний хувьсалын талаар асуумаар байна?

-Монгол дээл XIII-XVI зуун хүртэл мөөрөлжин зах буюу ташуу энгэртэй, их биеэ нар зөв ороосон хэлбэртэй байсан. XVI зуунаас  шашин дэлгэрч төрийн хар хүн, лам хүний дээлийг ялгаж хоёр янз болгож монгол дээлийг дөрвөлжин энгэртэй болгосон байна. XX зуунаас өнөөг хүртэл манай үндэсний хувцас маань ёвропжсон. Зарим хүн монгол дээлийг яаж өмсөхөө мэдэхээ больсон. Энгийнээр хэлбэл монгол хувцасны соёл маш бүдгэрсэн. Нэгдүгээрт, мөр ханцуй залгаатай  урд тал нь задгай хятад маягтай, ёвроп төрхтэй  нэг харахад пиджак шиг. Ахиад харахад плате ч юм чиг монгол товч, эмжээрийг нь харвал дээл юм шиг ийм л болсон байна даа.  Жинхэнэ монгол дээл бүстэй , энгэр заам захтай байдаг. Энэ бол цаг үе, хувцасныхаа хөгжилтэй л холбоотой байх.


-Монгол дээл  зохидоггүй хүн гэж бий юу?

-Байхгүй. Зөвхөн монгол хүн ч биш гадаад дотоодын хэн ч байсан монгол дээл өмсөхөөр тэр хүн сэргэдэг. Монгол хүн болж төрсөн хэн ч бай  үндэснийхээ хувцсаа өмсч өөрийгөө болон өв соёлоо хүндэтгэх хэрэгтэй.  Харим хүмүүс өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больчихсон юм шиг санагддаг. Нэг л их ёвроп хувцас өмссөн англи хэлтэй хүмүүс байна шүү дээ.
-Та яг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан шиг ярьдаг байна шүү. Гавьяатаас би ярилцлага авахдаа “Та яагаад дандаа монгол хувцас өмсдөг юм бэ, гэсэн чинь “Би монгол хүн болохоор монгол хувцас өмсч байна.

Харин чи хаанахын хувцас өмсчихөөд сууж байгаагаа нэг хараач ээ” гэж хэлэхэд өөрөөсөө их ичиж билээ?

-Жавхлан гэснээс би энэ хүүд их хайртай болоод байгаа. Би дуунд  дуртай л даа. Гэхдээ дуучных нь хувьд бус Монголоо гэсэн тэр сайхан халуун сэтгэлд  нь хайртай юм. Жавхланг дуучин гэдгээр нь биш улс орныхоо төлөө цохилох зүрхийг нь хүндэтгээчээ эрхэм түшээдээ гэж хэлмээр байна.


-XIII зууны үед  захчин, барга, өөлд, торгууд, баяд, халхчуудыг хувцсаар нь ялгадаг байсан гэдэг. Учир нь тэд үндэстэн ястныхаа  онцлогийг харуулсан  хувцас өмсдөг байсан гэдэг. Энэ уламжлал одоо байна уу?

-Одоо бараг байхгүй ээ. Урлагийн тайзан дээр л байдаг болж. Дорнод, Хэнтийнхэн л хааяа нэг буриад дээлээ өмсөх юм даа.  Манай Монгол Улс 33 үндэстэн ястнаас бүрдэж 100 гаруй төрлийн хувцсыг дөрвөн улирал,нутагтаа тааруулж өмсдөг байсан. Жишээ нь, манай төв халх Өвөрхангайд нэг барга хүнийг хувцсаар нь л хараад таньдаг байлаа. Тэгвэл өнөөдөр бүхэл бүтэн Монгол Улсын нийслэлд хурал цуглаан болоход өмссөн хувцсыг нь хараад тэр аймгийн тийм үндэстэн хүн явж байна гэх боломжгүй болсон. Үүнийг л Монголчууд үр хүүхдэдээ сэргээмээр байна. Ингэж чадвал цус, нутаг ойртох  асуудал аяндаа шийдэгдэх юм.


-Өнөөдөр дээл урладаг хүн харьцангуй цөөн болжээ.Цагаан сараар танай “Ур ундрах” компанийн уран  гартай эгч нараар дээл урлуулах гэсэн боловч  захиалга ихтэй гээд амжсангүй. Дээлгүй цагаан сартай золгож золгож үзлээ?

-Оёдолчин ховордоно гэдэг нийгэмтэй холбоотой. 


-Яагаад?

-Оёдолчин хүнийг өндөрт өргөж уран хүнийг дээдлэхгүй байна. Гадаад хэлтэй комьпютерийн өндөр мэдлэгтэй, царайлаг хүнийг л дээдэлдэг болсон. Энэ нь төрийн бодлогын буруу. Төгс эмэгтэй хүнд есөн сайхан шинж бий. Үйлэнд уран, үгэнд цэцэн, үзэл шулуун, үрдээ энэрэлтэй, ханьтай  халамжтай, хадамдаа ээлтэй, найранд цэнгэлтэй, настанд авралтай хүнийг дээд зэргийн хүмүүжилтэй сайн хүн гэж өндөрт өргөн мандуулж ирсэн байна. Тэгвэл өнөөдөр бараг уран хүн шиг хэрэггүй хүн алга бараг л хэлэхгүй юм даа. Муу хүн оёдолчин байдаг гэж захын хүмүүжилгүй хүмүүс хэлдэг болжээ. Үүнд би маш их харамсч явдаг. Уран хүн гэр орондоо болон улс оронд ямар их хэрэгтэй болохыг хажуу ойр дотны  хүмүүс л мэдэх байх.


-Монгол хувцасны түүх өгүүлсэн бүтээл эх оронд маань хэр элбэг байна вэ?

-Мэр сэр байна. Баруун монгол, халх хувцас, монгол  хээ угалз зэрэг номууд байх юм. Ер нь цаашид монгол хувцасны өв уламжлал, түүхийг харуулсан хувцас байвал хойч үеийнхэнд хэрэгтэй.


Б.Анхцэцэг

Нүүр  |  
Categories Мэдээ Posted on