Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээлээ дэлхийд таниулах нь миний хүсэл

“Өнөөдөр” сонины уншигчсурвалжлагч УИХ-ын гишүүн Р.Буд

“Өнөөдөр” сонин “Уншигчсурвалжлагч”-ийн арав дахь зочноор УИХ-ын гишүүн Р.Будыг урилаа. Тэрбээр монгол наадмын гоёл, дээлийн хийц загвар, түүхийг ярилцахыг хүссэнээр “Ур-Ундрах” компанийн захирал, мастер оёдолчин А.Алтантуяатай уулзлаа.

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Эхлээд хоёулаа танилцах уу?

-Сайн, сайн байна уу. Би таныг танилгүй яахав. УИХ-ын гишүүдээс монгол ахуй, амьдралаа хамгийн их мэддэг, Монголыг Монголоор нь авч явах цөөн хүний нэг гэж таныг хүндэлдэг. Би өөрөө хөдөө өссөн, хурдан морь унадаг хүүхэд байсан болохоор тантай илүү ойлголцох юм байна гэж бодоод баярлалаа. Намайг А.Алтантуяа гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул. Сурч мэдсэн, чаддаг зүйлээ хийх хүсэлдээ автан “Ур-Ундрах” компаниа байгуулаад арав гаруй жил болж байна. Монгол үндэсний иж бүрдэл хувцас оёх хүсэлтэй. Монголчууд маань мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал гэж ярьдаг. Энэ бүгдийг цогцоор нь хийхийг хичээдэг дээ.

-Бидний үед охиддоо ээж нь хөх зүү хөндлөн хатгахыг заадаг байлаа. Танд мөн ээж чинь заасан уу. Таны оёсон анхны дээлийн эзэн хэн байв?

-Миний ээж намайг 13 настай байхад бурхан болсон учир би ээжээсээ олон зүйл сурч чадалгүй үлдсэн юм. Миний ээж дээл оёж сураарай, уртын дуу сайхан дуулж сураарай гэж захидаг байлаа. Намайг бага байхад зуны амралтаар ээж минь өрөм хайлж өгөөд, ширдэг ширүүлдэг байсан юм. Хурганы арьс хөвөрдөхийг заана. Энэ мэт зүйлийг ээжээсээ сурсан. Амьд сэрүүн байсансан бол ихийг сургах байсан даа, ээж минь. Манайх есөн хүүхэдтэй, би дөрвөн ах, дөрвөн дүүтэй айлын ууган охин. Ээж маань хань, үр хүүхдийнхээ хувцас гутлыг оёж, бид юугаар ч дутахгүй байсан. Гэнэт бурхан болчихоор олон хүүхэдтэй үлдсэн аав минь хэцүүднэ ээ дээ. “Миний охин том боллоо. Одоо дээл оёж сур. Аав нь охиныгоо байхад айл руу дээлээ аваад явалтай биш” гэж хэлээд нутгийн Дулам гэдэг хөгшинд шавь оруулсан юм. Тэр настнаар дээл эсгэх, оёхыг анх заалгаж билээ. Тэр үед метр нь дөрвөн төгрөг гээд наг даавуу байсан даа, та санаж байгаа байх. Тэр даавуугаар аавдаа хөвөнтэй дээл оёлоо. Анхных гэхэд дажгүй шүү. Гэм нь нэг ханцуй нь нарийдчихсан. Аав минь миний оёсон дээлийг хараад учиргүй баярлаж сайхан болсныг нь гайхаад өмсөж билээ. Тэр үеэс хойш дээл оёж, сонирхлоороо Нийтийн аж ахуй үйлчилгээний сургуульд орсон.

-Компани удирдаад 10 жил болно гэдэг бага хугацаа биш. Та одоо өөрөө оёж байна уу, эсвэл загвар, хийцэд нь анхаарч эсгүүрээ хийж байна уу. Ямар ястны хувцас дагнан хийж байна вэ?

-Монгол үндэстэн 33 ястнаас бүрддэг. Би халх хувцсыг түлхүү оёдог. Баяд, урианхай, буриад дээл захиалгаар хийнэ ээ. Хантааз, ууж, дөрвөн улирлын малгай гээд захиалсан болгоныг л хийхийг хичээнэ. Монгол дээлээ стандартын дагуу оёхыг оёдолчдоосоо шаарддаг. Эсгүүр ямар байхаас их зүйл шалтгаалдаг болохоор технологийн дагуу эсгэх ажлаа би дагнан хийдэг.

-Одоо цагт хурган дотор эгнэдэг хүн ховорджээ. Аймаг бүр хурган дотрыг өөр өөрийн аргаар боловсруулдаг. Төв халхынхан сайхан элдээд, эгнэж цаваглаад гадар татдаг. Харин баруун аймгийнхан тэр дундаа Ховдынхон утдаг. Утсан хурган дотор ус хүрсэн ч тачигнадаггүй юм билээ.

-Сүүлийн үед малын арьсаа гар аргаар боловсруулж, элддэг хүн ховордсонд би харамсдаг юм. Биднийг бага байхад аав, ээж маань нарнаас өмнө босоод хурганыхаа арьсыг шүүж, хэдрэглээд боловсруулдагсан. Манай аймагт хурганы арьсаа элдэх явцдаа бууцанд булдаг. Энэ аргаар боловсруулсан арьс торго шиг сайхан болдог юм. Өвөг дээдсээс уламжилж  ирсэн арьс боловсруулах бэлэн технологи бидэнд байна. Үүнийгээ ашиглаасай гэж бодох юм. Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр цөөн тоогоор хурганы арьс боловсруулдаг. Ихэвчлэн Ордосоос авдаг.

-Яруу найрагч Ш.Гүрбазар “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг” гэж монгол хувцастайгаа газар нутгаа адилтгасан нь бий. Удахгүй баяр наадам болох гэж байна. Захиалга их байна уу. Танаар олны танил хүмүүс дээлээ хийлгэнэ биз?

-Эрдэмтэн мэргэд, бөхчүүд, зохиолч, жүжигчид гээд тоолж баршгүй юм даа. Их аварга Д.Дагвадоржийг аварга болоод эх орондоо ирэхэд хадам ээж нь цагаан ноолуураар есөн алтан товчтой дээл хийлгэж байсан юм. Тэр дээлийг хийсэндээ би их бэлгэшээдэг. Би үндсэрхэг үзэлтэй л дээ. Нутгийн хүү аварга болсонд мөн харийн хүргэн болоогүйд нь талархаж байсан. Наадам, цагаан сар дөхөхөөр бид өдөр шөнөгүй ажиллах болдог. Наадам болох гэж байгаа болохоор ажил их байна.

-Таныг дэлхийн томоохон уралдаанд үндэсний хувцсаараа оролцоод дэд байрын шагнал авсан гэх юм билээ. Монголын үндэстэн ястан бүр өөр өөрийн түүх хадгалсан хувцас хэрэглэлтэй. Та энэ уралдаанд ямар ястны хувцас урлаж оролцсон бэ?

-Компаниа байгуулснаасаа хойш Солонгос улсад гурван удаа үзэсгэлэн гаргаж, хамгийн сүүлд олон улсын хувцасны уралдаанд оролцож 45 орны хувцаснаас монгол дээл тэргүүлж, мөнгөн медаль хүртсэн. Монгол хувцасныхаа буянаар дэлхийн олон орныг үзэж явна даа.

-Дээл оёдог хүн бүхэн үндэсний хувцсаа сурталчилъя, олон улсад таниулъя гэсэн бодолгүйгээс гадна боломж бололцоо нь болдоггүй байх. Үндэсний их баялгаа дэлхийн тавцанд гаргаж байгаа хүмүүстээ бид талархах ёстой?

-Миний цусанд шингэсэн үзэл байна аа. Би үндэсний хувцасныхаа гайхамшгийг бусдад таниулан сурталчлах чин хүсэлтэй. Үндэсний хувцсаа оёж, хийсэн зүйлээ харах бүртээ би ямар агуу түүхтэй өвөг дээдсийн үр сад юм бэ гэж омогших сэтгэл төрдөг. Солонгосын олон улсын үзэсгэлэнгийн КОЕКС танхимд олон хүн цуглаад шагнал гардуулж байлаа. Гэтэл хоёрдугаар байрын шагналын эзэн “Mongolia” гэж хэлэхийг сонсоод магнай хагартал баярлана гэдэг л болсон. Би халх дээл хувцсаар оролцохдоо монгол гэр бүл ямар хувцас өмсдөгийг харуулахыг зорьсон юм. Монгол эр хүн үндэсний хувцсаа өмсөж, эхнэр дээлтэй монгол бүсгүй, хоёр хүүхдээ дагуулсаар Н.Жанцанноровын “Цагаан суварга”-ын аянд алхахад тэнд цугларагсад уулга алдаж байсан. Үнэхээр сайхан юм билээ. Цагаан хэрмийг үзэж явсан хүмүүс гайхамшигтай гээд магтаад байж л дээ. Гэтэл нийтлэлч Баабар “Барьсан нь бус бариулсан нь гайхамшигтай биш үү” гэж хэлж байсан гэдэг. Үнэн үг шүү.

-Дэлхий таны уран бүтээлийг үнэлжээ. Монголдоо ямар гавьяа шагнал хүртэж байв даа?

-Дөрвөн жилийн өмнө үндэсний үйлдвэрийн шилдэг эмэгтэйгээр шалгарсан. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг эрт авсан. Монгол хувцсаа дэлхийд сурталчилсныг үнэлж өнгөрсөн жил төр засаг намайг Алтан гадас одонгоор шагнасан. Би “Болор цом”-ын тэргүүн шагналтныг дээлээр мялаагаад есөн жил болж байна. Танай нутгийн Ай.Төмөр-Очир найрагчийн шүтэн бишрэгч. Танай нутгийн яруу найрагч Амартайван, хүний гавьяат эмч Бүлтэн нарт дээл оёж бэлэглэсэн. Хамгийн сүүлд Үндэсний телевизийн нэвтрүүлэгч Ж.Бямбаа гуайн наадмын гоёлыг оёлоо. “Өмнө нь би ийм сайхан дээл өмсөж үзсэнгүй” гэж баярласан сэтгэлээ илэрхийлсэн.

-УИХ-ын танхимд байнга дээлтэй байя гэж санаачилж, өмсдөг цөөн гишүүний нэг нь би. Үндэсний хувцсаа өмсдөг өдөртэй болж, УИХын гишүүд нь чуулганыхаа нээлтэд дээл өмсдөг байя гэсэн бодол надад байдаг юм?

-Танд их баярлаж байна. Төрийн түшээд дотор үндэсний хувцсаа ойлгож, хэрэглэхийг дэмждэг гишүүн олон байгаасай. Ватиканд Элчин сайдаар томилогдсон П.Батжаргал итгэмжлэх жуух бичгээ барихдаа монгол дээлээ өмссөн. Элчин сайдыг зурагтаар өдөржин гаргаж, үндэсний хувцсыг үзүүлж буйг хараад би бахархсан. Сая чуулганы нээлтэд Н.Батбаяр гишүүн сайхан монгол дээл өмссөнийг хараад миний нулимс гарах шахсан.

-Та монгол дээлийнхээ түүхийг мэддэг, өөрөө урладаг хүн сайхныг нь мэдэрдэг байх. Харин залуустаа дээлийн тухай, бусад орны хувцсаас юугаараа давуу талтайг хэлж өгөөч?

-Монгол орон дөрвөн улиралтай. Улирал бүхэндээ зохицсон дээл хувцастай, хувцас бүхэн өөрийн гэсэн дэг жаягтай, хүнийг хүмүүжүүлдгээс гадна тансаг эд материалаар хийдэг. Эхнэр хүний дээлийн мөрийг бүргэдийн далавчаар хийсэн юм шүү дээ. Өндөр гэгээн Занабазар Манжид эзлэгдсэн байх үед бодож олсон юм билээ. Галын дөрвөн тотгыг хар хэрээ тон шоод байвал гал унтарна даа. Үүнээс хамгаалахын тулд эхнэр хүний дээлийн мөрийг бүргэ дийн далавчаар хийлгэж хамгаалж байх жишээтэй.

Монголчууд бэлгэ дэмбэрлээрээ амьдарч ирсэн хүмүүс. Дээлийн энгэр нь өвөр дүүрэн олз омогтой байхыг бэлэгддэг. Монгол хүн сар шинээр аав, ээждээ тас хар өнгийн хувцастай очдоггүй. Бэлгэ дэмбэрлээ бодож байгаа хэрэг шүү дээ. Монгол хувцас халуунд хөнгөн нимгэн, өвөлдөө дулаан байдаг. Өвөг дээдэс маань ахуйгаа тодорхойлоод, өв уламжлалаа хадгалсан хувцас хийсэн болохоор гайхалтай байгаа юм. Охиноо айлд очиход хүргэндээ заавал бүс бэлэглэдэг ёс бий. Энэ нь хоёргүй сэтгэлээр ханиа хайрлаж явахыг бэлгэдэж байгаа нь тэр.

-Би УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог ахалдаг. Олон хүнтэй уулзаж ярилцдаг ч харамсалтай нь үндэсний хувцасны үйлдвэрлэлийн асуудал орж ирээ гүй юм байна. Үндэсний хувцасны үйлдвэрлэлээ дэмжихэд төрөөс баримтлах бодлогын талаар та саналаа хэлж болно шүү?

-Би компаниа байгуулж, Голомт банкнаас зээл аваад хөл дээр нь зогсоож чадсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэд өөрийн гэсэн байртай болох нь хамгийн чухал байна. Өдөр шөнөгүй ажилладаг ч ашиг нь байрны түрээст явчихна. Ажлын байр барих зээл авъя гэхээр барьцаа хөрөнгөгүй учир хөнгөлөлттэй зээл авч чаддагг үй. Хамгийн том бэрхшээл энэ. Би саяхан Сүлжмэлийн үйлдвэр байсан байранд очлоо. Тэр байранд үйл ажиллагаа явуулж буй компани бараг алга. Жижиг дунд үйлдвэр эрхэлж буй хүмүүсээ тэр байранд оруулаад, дэмжих үүднээс бага шиг түрээс аваад байж яагаад болохгүй гэж.

-Зөв санаа байна шүү. Та “Болор цом”-ын тэргүүн байрын яруу найрагчид яагаад дээл бэлэглэх болсон юм бэ?

-Яруу найраг миний хообий юм даа. Орой унтахад ээж үлгэр ярьж өгнө, өдөр дээлээ оёж суухдаа уртын дууг цангинатал дуулдаг байлаа. Энэ мэт байдал нь надад нөлөөлсөн байх. Би ганц хүүтэй байсан юм. Тэр маань Японд ажиллаж байхдаа цаг бусаар нас барсан. Хүү маань сайхан шүлэг бичнэ. Яруу найргийн наадамд би шүлгийг нь уншихад олон хүн уйлж байсан юм. Хүүгийнхээ шүлгийг ном болгон гаргасан. Дээхнэ үед тэргүүн байрын эзнийг Дарханы савхин эдлэлийн үйлдвэрийн дарга н.Хүнийхүү гуай савхин дээлээр мялааж байхыг хараад “Уран хүн болоод энэ хүмүүст дээл хийж өгнө дөө” гэж дотроо бодсон юм. Тэгээд л хүслээ биелүүлж байгаа нь тэр. Эзэн Чингис хаан маань шилдэг жанжнаа дээлээр урамшуулдаг байсан юм билээ. Энэ бол төрт ёсны уламжлал юм даа.

-Биднийг залуу байхад өргөн өмд, платформ өмсөхгүй бол хүн биш мэт л байлаа. Гэтэл хорь, гучин жилийн дараа эргээд энэ загварыг залуус сонирхох жишээтэй. Монгол дээлийн хувьд загвар давтагдах юм уу?

-Сүүлийн үед загварын дээл их хийлгэх болжээ. Гэхдээ би аль болох монгол загварыг хадгалсан дээл оёхыг хичээдэг. Өнгөрсөн жил Ноён уулын булшнаас судлаачид эртний дээл олсон юм билээ. Мөөрөн захтай тэр дээлийн загвараар манайхан сүүлийн үед хийлгэх болжээ. Монгол хувцасны загварыг өөрчилж энгэрийг нь буруу болгож болохгүй. Түүнээс гадна монголчууд бие биедээ мэддэг чаддаг зүйлээ зааж өгөхөө больжээ. Тэгсэн атлаа их мөнгө амласан харийн хүнд зааж өгөөд байх юм.

Өвөрмонголын Шилийн голоос ирсэн Цэцэгмаа гэдэг эмэгтэй надтай уулзаад монгол дээл яаж сайхан хийхийг зааж өгөөч гэсэн. Тэр хүн надад сард 40 мянга, оёдолчдод маань 20 мянган юанийн цалин өгөөд, хоол байрыг даая гэсэн ч би зөвшөөрөөгүй. Хэдий цус нэгтэй гэдэг ч тэд хилийн цаана байна. Тиймээс би заахгүй гэсэн. Харин монголчууддаа мэддэг, чаддагаа заахад бэлэн.

-Та бид хоёроос үндсэрхэг үзэл “үнэртэж” байгаа байх. “Дуусдаггүй яриа” гэдэг шиг яриад байвал сэдэв барагдахгүй бололтой?

-Харин тийм бололтой. Эх орноо гэх сэтгэлтэй төрийн түшээтэй уулзуулсан “Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа. Би өөрийн бодлоо төгсгөлд нь хэлчих үү. Төрийн гурван өндөрлөгийг сонгохдоо аль нэгийг нь хөдөө нутагт төрж өссөн, монгол ахуйгаа мэддэг хүнийг заавал сонгох ёстой гэж боддог. Глобалчлалын эрин үед амьдарч байгаа ч улс орон өөрийн гэсэн зүйлтэй байж улс шиг улс байна шүү дээ. Дэлхий нийтийг дагаж байна гээд барууны орны хуулийг орчуулаад шууд хэрэглэх нь бидний амьдралд хэрэгжихгүй, зохихгүй байгааг энэ 20 жил харууллаа. Тиймээс ийм сонголт хийх нь зөв гэж боддог юм. Таны уясан морь хурдтай, өтгөн сайхан наадаарай.

-Баярлалаа. Дүү нар маань хэдэн адуугаа уяж байгаа. Дажгүй давхина гэсэн бодолтой л хүлээж байна. Танай сониноор дамжуулж монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе. Сайхан наадаарай.

Тэмдэглэсэн Х.ОЮУНСҮРЭН

Нүүр  |  
Categories Мэдээ Posted on