А.Алтантуяа: Үндэсний хувцсанд монголчуудын ухаан шингэсэн

“Гоёл-2016” наадам  “Ур ундрах” компанийн  загвараар  нээлтээ хийсэн юм. Тус компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяаг “Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор урилаа.

-“Гоёл-2016” наадамд  монгол үндэсний хувцасны  үзүүлбэр толилуулж, уламжлалт өв соёлоор үзэгч олныг хөглөсөн  танай хамт олонд баяр хүргэе. Энэ наадамд анх удаа оролцож байна уу?

-Баярлалаа. “Гоёл” наадам 1980-аад оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн монголчуудын хүсэн хүлээдэг уламжлалт наадмын нэг болсон. Наадмыг “Шилмэл загвар” компани, Монголын дизайнеруудын холбоо хамтран зохион байгуулдаг. Надад удаа дараа оролцохыг  санал болгож байсан ч тэр даруйд нь  оръё гэж эрхэмлэж  байсангүй. Яагаад гэвэл, монгол үндэсний  хувцас монгол хүний эрхэлж буй ажил, орчин, дөрвөн улирал, цаг агаар гээд бүх зүйлтэйгээ уялдаа холбоотой. Тиймээс  би үндэсний хувцсаа иж бүрнээр хийдэг болсон цагтаа “Гоёл”-д оролцъё гэсэн бодолтой байсан. Энэ жил иж бүрэн хувцасны үзүүлбэр сонирхуулсандаа баяртай байна. Наадмын үеэр гадагшаа яваад  ирж амжаагүй. Энд үлдсэн манай хамт олон, дизайнерууд тайзны ард маш их ажиллаж,  бүтээлүүдээ толилуулж оролцсон. Үзсэн хүмүүс их сайхан загварууд байна, гоё байна, баяр хүргэе гэж над руу утсаар ярьж, зурвас явуулсан байсан. Гоё  байгаад нь би баярлаж байгаа. Амт олон маань ч сэтгэл өндөр байна.

МОНГОЛЧУУД ХУВЦАСНЫ ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

 -Танай компани үндэсний хувцас үйлдвэрлэхэд түлхүү  анхаардаг. Европ загварын хувцасны салон нээж, төрөлжүүлж болдоггүй юм уу?

-Монгол хүн европ стилийн  хувцас өмсөхөд бидний царай, дүр төрх, хэл маань  биш. Ялангуяа сул загварын нэвсийж салбайсан хувцас өмсөх таатай санагддаггүй. Гэхдээ би бусдын хувцсыг муулж байгаа юм биш. Нөгөө талаас би үндэсний үзэлтэй хүн болохоор тэр байх.Монгол хүн цаг агаар, ёс заншилд нь таарамжгүй хувцас олныг үйлдвэрлэж, энэ бол загвар гэж үзүүлэхэд би дотроо дуртай биш байдаг.

-“Гоёл-2016”д үзүүлсэн иж бүрэн монгол хувцасны  загвар ирэх Цагаан сарын гоёл байх болов уу, хүмүүс ч тийм хандлагаар их сонирхож байсан? 

-Удахгүй дэлхий нийтээр шинэ жилээ угтаж, баяраа тэмдэглэх гэж байна. Залгуулаад  монголчууд, монгол  үндэстнүүд  Цагаан сарын баяртаа бэлддэг. Баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэх байх. Бас хэмнэлт гаргаж байгаа гэсэн. Хямрал гэж хэлэх би дургүй. Яг үнэндээ монголчууд хямраагүй. Болж бүтэж л байна шүү дээ. Олон намын тогтолцоотой, сонгууль ойртож байгаа болохоор, би гарахсан, тэр гарчих вий гэхчлэн сонгуулиар гарах гэсэн хүмүүс  хямралтай  байх шиг байна. Түүнээс монголын ард түмэн зуд турхан болоогүй, зун гантай басан ч намартаа өвс хадлангаа базаачихсан тэнүүн сайхан л байна.

Би  Цагаан сар угтаж “Гоёл-2016” наадамд  яагаад оролцож, бүтээлүүдээ  толилуулсан гэхээр залуудаа ямар явснаар нь хүнийг шинждэг.  Жилдээ ямар байсныг Цагаан сараар шинждэг. Монгол хүн моод гэж ярьдаггүй. Хувцасны зэрэг дэв, чанар чансааг хардаг байсан. 1275 онд Мөнх хаан хувцасны хууль гаргаж байсан.   Монгол хувцсыг зүсмийн хувцас гэж нэрлэсэн байдаг. Компьютер байгаагүй цагт тийм зүйл гаргасан гэхээр ямар их соёлтой ард түмэн байсан юм бэ. Өнөөдөр Монголын ард түмэн хувцасны хууль гаргах ёстой гэж би боддог.

-Яагаад?

-Өнөөдөр гадуур ханиад томуу их, өвчлөл газар авч байна гэхээр энэ бол нимгэн хөнгөн хувцасласнаас үүдэлтэй. Түрүүн хэлсэнчлэн цаг уур, дөрвөн улирлын байдалтайгаа  таарахгүй хувцас өмссөнөөс  хүмүүс даарах, хайрагдах байдалд хүрч байна. Дан цемент ноёлсон нөхцөлд ажиллаж, амьдраад байна шүү дээ, нийгмээрээ. Тэр нь цаагуураа жиндүү байдаг байх нь. Тиймээс ширмэл ширдэг бий болгоосой. Эсгий бол монголчуудын уламжлалт хэрэглээ шүү дээ.

БИД СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН,  МОНГОЛОО ОЛОХ ЧУХАЛ

-Сонин санаа байна шүү..?

-Тэрнээс ч сонин мэдээлэл бас байна. Би сая Сөүлд очихдоо  нэг дэлгүүрт орсон, тэнд боловсруулсан эсгий цүнх байна лээ. Үнэ нь 300 ам.доллар гэнэ. Тэгэхээр бид юмаа гадаадад танилцуулж чаддаггүй юм байна. Өөрсдөө эсгий цүнхээ барих хэрэгтэй юм байна. Эсгий уут, уур нүдүүр бүх юм аа бид гар аргаар хийж байсан бол одоо технологи хөгжсөн цаг шүү дээ. Би гадагшаа явах болгондоо  монголчууд өөрийгөө олох цаг болж гэж боддог. Бид сэтгэлийн амар амгаланг, Монголоо олох хэрэгтэй болж. Тиймээс монгол хувцсаа өдөр тутам өмсч заншмаар байна. Дээлээ өмсч  бүсээ  нар зөв ороогоод өндөр сайхан өвгөд дээдсэтээ золгодог уламжлалаа дагая. Хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ үндэсний хувцсаа өмсч хэвшүүлмээр байна.

-“Ур ундрах” компани энэ жил Цагаан сарын баярт зориулж, ямар бүтээгдэхүүн гаргаж байна? 

-Бид цэвэр  хурга арьсаар хурган дотортой дээл, төрөл бүрийн малгайг захиалгаар хийж байна. Монгол гутал, түүнчлэн орчин үеийн загварт оруулсан ээтэн гутал хийж байна. Би сая ээтэн гуталтай Сөүл орсон. Намайг онгоцны буудал орохоос өгсүүлээд хүмүүс гайхаж харж, ямар гоё дулаахан гутал вэ гэцгээж байна лээ. Би хонины арьсан дотортой ээтэн гуталтай, охин маань адууны арьсан монгол  гуталтай  явсан юм. Хоёр гутал хоёулаа угалз хээтэй. Монголчууд ийм гутал хийдэг, үйлдвэрлэдэг, чаддаг, тэр тусмаа манай “Ур Ундрах” компани үйлдвэрлэдэг гэдгийг хүмүүс хараад гайхаж байна. Тэгэхээр өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа төр, засгийн бодлогод энэ талаар илүү тусгаж, илүүтэй анхаармаар байна. Хэвлэл, мэдээллийнхэн ч бас бодууштай.

-Жишээ нь...?

-Бид өглөө босоод телевизээ нээдэг. Юу гардаг вэ гэхээр, хятадаас орж ирж байгаа барааг сурталчлаад байдаг. Ядаж нэг нь ч гэсэн монгол хувцас үйлдвэрлэж байгаа, монгол бүтээгдэхүүн хийж буй хүнд эрх өгдөг баймаар байна. Ингэх юм бол улс орон маань хөгжинө.

-Та өөрөө бол байнга үндэсний хувцсаа өмсөнө биз?

-Хүн эхлээд өөрийгөө хайрлаж байж дараа нь бусдыг хайрладаг болдог гэдэг. Хүйтэн сэрүүнд даарахгүйн тулд хоёр сайн үстэй дээлтэй. Тэр л миний насны гоёл доо. Намайг булган шуба өмсвөл хэн ч тоож харилцахгүй дээ. Дээлээ өмсөөд гарахаар ямар гоё юм бэ, та хаачих гэж байгаа юм бэ  гээд тэр холоос сүйд болдог юм, хүмүүс. Тэгэхээр тэр хүний гоёл, хувцас эдлэл монгол хүндээ тохирч буйнх. Тимээс би монголынхоо ард түмнийг энэ жилийн цагаан сараар сайхан хурган дотортой монгол дээлээр гоёх байх гэж бодож байна. Жил ирэх тусам үндэсний хувцсаараа гоёж байгаа. Улам илүү гоёх байх гэж найдаж байна. Ёс заншил маань ч тэр хэрээр дэлгэрнэ.

-Танай компани  торго, даавуугаа хаанаас оруулж ирж байна?

-Бид Тайландын вант улсаас торго, бүс бараа, даавуугаа татдаг, Энэтхэгээс торго, сари авчирдаг, БНСУ олон том компанитай, тэр дотор  Сөүлийн үйлдвэр гэж  бий. Тэндээс давуу оруулж ирдэг. БНХАУ-ын Дэ Дү Ян гэж үйтэн хуарны том үйлдвэртэй харилцаж бараагаа авдаг. Гадаадын торго, бүс барааны үйлдвэрүүд намайг таньдаг болсон. Бүтээгдэхүүнээ зээлээр авчирч өгч байна. Та үүгээр бүтээгдэхүүн хийж, ард түмэндээ үйлчлээд дараа нь эргээд төлөөрэй гэж байна. Ийм итгэлцэл дээр мөн ийм чанартай материалаар монголчууддаа үйлчилж байна даа. Би түрүүн дурдсан хувцасны моод биш ээ, нүнжиг дагаж хувцасладаг юм шүү гэдгийг танай уншигчдад энэ дашрамд хэлье. Өвөл бол монголчууд ангийн үсээр хувцас эдлэл хийдэг. Бидэнд тийм хувь тавилан байна шүү дээ. Ангийн үс өмсч малдаа явахаас эхлээд ажил үйлс маань тийм байдаг. Бусад газар ангийн үс өмсье ч гэхнээ газар, улирал, цаг агаар нь таарахгүй. Тэгэхээр бидэнд бурхнаас заяасан нутаг маань эрс тэс уур амьсгалтай дөрвөн улирал ээлжилж байдгаараа өөр байх нь байна шүү дээ.

-Материалын чанараас гадна танай хамт олон өөр ямар зорилго тавьж ажилладаг вэ?

-Нэгдүгээрт, материал чанартайбайх ёстой. Иймд бид бүх материалын, үйлдвэрийн танилцуулгыг давхар авчирч тавьдаг. Хоёрдугаарт, тэр бүтээдэүүнийг сэтгэлээсээ хийж өгдөг байх ёстой. Бид өөрсдийн хэмжээнд чанарыг эрхэмлэж байна. 2016 оныг бид чанарыг онцгой сайжруулсан жил болгохоор зорилт тавьж ажиллаж байна. 

-Шинэ оны босгонд манай уншигчдад, монголчууддаа хандаж та юу хэлэх вэ?

-Дэлгэр сайхан шинэ жилээ хийж, төрт ёсны их баяр Цагаан сараа билэг дэмбэрэлтэй сайхан тэмдэглээрэй. Хүн бүхэнд эрүүл саруул, энх тунх байхыг ерөөе. Зүс минь монгол, цус минь монгол. Энэ учраас Монголынхоо төлөө байя, бүгдээрээ. Би монгол хүн шүү гэдгээ өглөө бүр бодож сэрдэг. Монголынхоо төлөө, би өөрийнхөө төлөө юу хийх вэ гэж бодож эргэцүүлдэг, зүтгэдэг  байгаасай.



 

 


Нүүр  |  
Categories Мэдээ Posted on