“Ур Ундрах”-ынхан монголчуудын ухаан, сэтгэл шингэсэн үндэсний хувцас урлаж байна

Сар шинийн баярыг угтаж  үндэсний хувцас үйлдвэрлэлийн “Ур Ундрах” ХХК-аар зочиллоо. Захиалагч, үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан  үйлчин бүсгүйчүүд угтав. Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэгвэл тус хамт олон  захиалгаа аваад дууссан. Харин олон нийтэд зориулсан дээл, малгай, гутал цөөн тоогоор үйлдвэрлэсэн нь эрэлт ихтэй байна. Малгай гэхэд л өдөр тутам өмсөх лоовуузаас өгсүүлээд ноён малгай хүртэл хийжээ. Булга, суусар, минж гэхчлэн үслэг эдлэлээр захиалга өгөх боломжтой аж.   “Ур Ундрах” ХХК  Монгол Улсын шилдэг үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээр хэдэнтээ тодорсон хариуцлага, чанарыг эрхэмлэгч хамт олон.  Шинэ оныг “Гоёл-2015” наадмыг иж бүрэн  үндэсний хувцсаар эхлүүлсэн амжилтаар угтжээ.

“Ур Ундрах” компанийн бусдаас ялга­рах хамгийн том давуу тал, мөн бидний  зорьж очсон сурвалжлагын  гол зорилго бол тус хамт олон, ерөнхий захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алантуяа монгол  хүний биеийн онцлог, хувцасны стандартыг  чанд мөрдд­өг. Тиймээс олон нийт түүнээс  зөвлөгөө авах, үгийг нь сонсохыг эрхэмлэдэг билээ. Энэ жилийн өнгө, дээлний загвар, чиг хандлагын талаар тэрээр “Энэ жил би цайвардуу, бүлээн дулаан өнгө сонгохыг зөвлөж байгаа. Яагаад гэвэл, Эзэн Чингис хааны хэлснээр намрын загсаасан өрөм мэт шаргал өнгө эрхмийн дээд өнгө, залуучууд, ихэс дээдсийн хувьд ч мөн адил. Настай хүмүүсийн хувьд илгэн хүрэн өнгө зонхилж байна. Загварын хувьд эмэгтэйчүүд том нугалаастай дэрэвгэрдүү хормой  бүхий тэрлэг, дээл сонгож байна. Эрэгтэйчүүд хүрмээр илүүтэй гоёж байна. Бид хүрмийг ланзтай, ланзгүй, зүү ороосон, зээгт наамалтай гэхчлэн төрөл бүрээр үйлдвэрлэж Монголынхоо цаг уурын байдалд зохицуулж, үслэг эдлэлээр эмжсэн. “Гоёл-2015” наадамд  бүтээгдэхүүнээ толилуулсны дараа манай  загварын дээлнүүдийг Өвөрмонголчууд олноор нь авч явсан. Энэ юуг харуулж байна гэхээр  монголчууд төдийгүй монгол гаралтай бүх  улс үндэстэн  Цагаан сараар үндэснийхээ хувцсаар гоёдог болжээ” хэмээн онцлов.

Энэ жил тус компани хурган дотортой дээл үйлдвэрлэж байгаагаараа онцлог юм. Хурган дотор дээр сайн чанарын үйтэн хуар татаж, булгаар эмжсэн нь эрэлт ихтэй байгааг хэлж байлаа. Бас нэг онцлог нь үндэсний хувцсаа иж бүрнээр нь үйлдвэрлэхийг зорьжээ. Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал гэсэн иж бүрэн хувцсыг нэг дороос чанартай материалаар захиалах боломжтой юм. Материалын хувьд тус компани БНСУ-ын “Голден Тех самсунг” корпорацийн даавууны албан ёсны борлуулагч юм. Энэтхэг даавуу, сари, орос даавуу, тайланд бөс бараагаар ч увцас үйлдвэрлэдэг.  Мөн одоогоос гурван жилийн өмнөөс  БНХАУ-ын Дэдү Ян  хэмээх томоохон үйлдвэрийн  үйтэн хуар, торгоны албан ёсны борлуулагчаар  ажиллаж иржээ. Хүмүүсийг сайхан баярлуулах, үн­дэсний хувцсаар мон­голчуудаа гоёх, олон хүнийг дулаахан, сэтгэл хангалуун сайхан баярлаасай гэж  тус компанийнхан  өөрсдийн бололцоо, боломжийг бүх талаар дайчлан ажиллаж байна.

“Ур Ундрах” ХХК-ийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяагаас цөөн асуултад хариу авлаа.

-Танай хамт олон сар шинийн баярын үндэсний хувцасны захиалгаа аваад дуусчээ. Тэгэхээр Цагаан сарындараа болох хаврын баяр, хонхны баярын захиалгыг аль болох эрт өгөх ёстой юм уу гэж ойлголоо?

-Цагаан сарын дараачаас  захиалгаа авч  эхэлнэ. Манайх хоёр загвар зохион бүтээгчтэй. Энэ дашрамд хэлэхэд, манай үйлдвэрийн загварууд гадуур их тархжээ. Бид бүтээл болгоноо тэр бүр оюуны өмчид бүртгүүлж амждаггүй. Гэхдээ бидний хийснийг хараад дууриаж хийгээд байгааг би нэг их буруутгадаггүй. Нэгэнт байгууллага бүр, хүн болгон загвар зохион бүтээгчбайж чаддаггүй учраас  ингэж үздэг. Нөгөө талаас дандаа манай ач зээ, ах дүүс загваруудыг маань өмсдөг. Манайх өөрийн гэсэн өнгө төрхтэй болохоор аль нэг газар манай загварын зургуудыг тавьчихсан хийнэ гээд сууж байгааг хараад “Яг түүн шиг чанартай, сайн хийгээсэй” гэж бодоод өнгөрдөг. Дээр нь хувцсанд баримтлах стандарт, дээр нь монгол хүний биеийн онцлог  гэж бий. Нэг танил маань хямдхан дээл нэг газраас аваад гэртээ ирээд үзтэл  машиных нь бүтээлэгтэй ижил материал байсан гээд бухимдаж явсан. Тэгэхээр материал сонголт маш чухал. Дээр нь хувцсандаа соёлтой хандах учиртай.

-Та “Гоёл-2015” наадмын дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголчууд  хувцасны хуультай болохёстой”  гэсэн байсан?

-Монгол хүн моод гэж ярьдаггүй, хувцасны зэрэг дэв, чанар чансааг хардаг байсан. 1275 онд Мөнх хаан хувцасны хууль гаргаж байсан.   Монгол хувцсыг зүсмийн хувцас гэж нэрлэсэн байдаг. Компьютер байгаагүй цагт тийм зүйл гаргасан гэхээр ямар их соёлтой ард түмэн байсан юм бэ. Тиймээс өнөөдөр Монголын ард түмэн хувцасны хууль гаргах ёстой гэж би боддог. Түүнээс гадна монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, монгол хүний ухаан, сэтгэлээр бүтсэн хувцсыг өмсч занших хэрэгтэй. Саяхан “Бест shoes” компанийн захирал Түвдэнням телевизээр “Монголчууд монгол хүнийхээ хийсэн гутал хувцсыг өмсөхөд анхаараасай. Адилхан брэнд үйлдвэрлэж байхад өмсөхгүй байна, бид яах ёстой юм бэ” гэсэн утгатай үг хэлж байна лээ. Энэ талаар хүн болгон дор бүрдээ нэгийг бодоосой.Өнгөрсөн жил УИХ-ын дарга З.Энхболд “Би Бест shoes-ийн гутлыг өмссөн” гэж хэлж байсан санагдана. Харин шляп өмссөн нь гадны брэнд байсан. Манай компани шляп малгайг төрөл бүрээр үйлдвэрлэдэг. Монголчууд нэг үеэ бодвол бүгдийг хийж байна, чадаж ч  байна. Тиймээс дотоодынхоо үйлд­вэрлэлийг дэмжиж бүтээгдэхүүнийг нь сонгож өмсөөч гэмээр байна. Энэтхэгийн Ерөнхийлөгч нэгэнтээ энэтхэг хүний үйлдвэрлэсэн хувцсыг хамгийн түрүүнд энэтхэгчүүд өөрсдөө өмсөнө. Дараа нь гадаадынхан өмсөх ёстой” гэсэн байдаг. Өнөөдөр улс орон маань  өр ширтэй хэцүү байгаа юм бол бид  нэгийнхээ тарьсан тарианы гурилыг идэж, нөгөөгийнхөө  хийсэн гутлыг өмсч, бие биеэ дэмжиж байж улс орон урагшаа явна. Аливаа юм шүтэн барилдлагатай байдаг. Алт мөнгөний дарханууд бидэнтэй уулзаад дээлийн товч, бүсээ авчраад тавьж байна. Сайхан хөөрөгнүүд авчирч тавьж байна. Монгол хувцас эдлэл хэрэглэл, иж бүрэн цогцоороо явдаг юм шүү гэдгийг Монголын ард түмэн ойлгож байна. Түүн шиг харилцан шүтэлцээтэй, бие биеэ хүндэлсэн, үндэснийхээ зүйлүүдийг дээдэлсэн сайхан жил болоосой гэж хүсч байна. Сайхан жил болно гэдэгт итгэлтэй ч байна.

-Ингэхэд эдийн засаг хямарч, хүмүүс хэмнэж байна гэдэг асуудал мэдрэгдэж байна уу?

 -Сонгууль энэ тэр гээд улс төр, тойрог, суудал гэх мэт  төр засгийн төвшинд бага сага хямарч байгаа байх. Түүнээс яг өнөөгийн төвшинд эдийн засаг хямарч, хүмүүс монгол дээл өмсөхгүй гээд захиалга бага байна гэж би хэлэхгүй. Өмнөх жилүүдтэй адил хүмүүс  хандаж, харин ч өмнөхөөсөө илүү чанартай зүйлийг хүсч, сайхан өнгө, загваруудыг сонгож байна. Энэ даш­рамд хэрэглэгч, үйлч­лүү­­лэгчиддээ гал ми­чин жилдээ та бүхэн минь чадлынхаа хэрээр сайхныг өмсч зүүхийг эрхэмлээрэй.  Үндэсний үзлээ дээдэлж байж үндэстэн оршин тогтнодог юм шүү гэдгийг хэлье. Монголынхоо төлөө байя, бүгдээрээ. Би монгол хүн шүү гэж өглөө бүр бодож сэрдэг. Монголынхоо төлөө, би өөрийнхөө төлөө юу хийх вэ гэж бодож эргэцүүлдэг, зүтгэдэг  байгаасай. Ирж байгаа гал мичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, төр засаг нь үймээн самуунгүй, ган зуд гачаалгүй, барцадгүй мэнд байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Нүүр  |  
Categories Мэдээ Posted on