Сар шинийн бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Идээ ундаа, үндэсний хувцасны тухай яриа хаа сайгүй өрнөж байна. Ийм үед үндэсний хувцас урлаачийнд өнжихөөр боллоо. Бид "Ур ундрах" компанид өнжихөөр очлоо. "Гэсэр" сүмээс Тасганы овоо руу өгсөх зам дагуу гурван давхар шар байшин байдаг нь "Ур ундрах" компанийн ажлын байр аж. Байшингийн гадна үндэсний хувцас өмссөн эрэгтэй, эмэгтэй хүний зураг дор "Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Дэвжих төрийн дээл, Тулах төрийн гутал" гэж бичсэн харагдана. Ханандаа үндэсний загварын дээл өмссөн бүсгүйчүүдийн зураг байрлуулж, хоёрдугаар давхарт нь бэлэн болгочихсон дээл, хантааз, малгай, гутал тэргүүтнээр дэлгүүр нээжээ. Тэнд халх дээлээс гадна загвар оруулж урласан эхнэр мөртэй ууж, үндэсний хэв маяг шингэсэн даашинз зэргийг өлгүүрт өлгөсөн харагдана. Ижил өнгийн торго, даавуугаар эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хослуулж хийсэн нь ч харагдана. Зарим дээлийг модельд өмсгөсөн байгаа нь ихэд чамин тансаг харагдаж байсан. Бас лангуун дээр торго, даавуу, булган зах дэлгэжээ. Тэдгээр бөс даавууг харахад Нарантуул эсвэл торгоны дэлгүүрт байдаг торго, даавуунаас арай л өөр харагдаж байсан.
ГОЁЛ ХИЙГЭЭД ЁС
"Ур ундрах" компанийн захирал А.Алтантуяа "Та нарын өмнөхөн ажил дээрээ ирээд байна. Сонгууль дөхөхөөр хурал, цуглаан тасрахгүй бололтой юм. Хуралд сууж байгаад ирлээ. Баянгол дүүргийнхэн чинь үндэсний хувцасны аян зохион байгуулж байгаа гэнэ. Хатан хүний ухаан гэж тэр дээ. Аяны хүрээнд үндэсний их сайхан хувцас өмссөн хүн шагнуулах юм байх. Миний байсан газарт дээл хувцасны тухай яриа өрнөлөө. Хүмүүс "Дээлний зах холгоод байх юм. Цаваг наалгүй оёчихож болдоггүй юм уу" гэх янзтай. Тэгвэл монгол үндэсний хувцас биш болчихно шүү дээ" гэсээр угтлаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болохтой холбогдуулан бизнес эрхлэгч, банкныхны уулзалтыг Баянгол дүүргийн удирдлагууд зохион байгуулсанд оролцоод ирсэн нь тэр гэнэ. Биднийг мэнд мэдэлцэж байх зуурт 80 настай ээждээ малгай, дээл сонирхож яваа гэх хоёр хүн орж ирлээ. А.Алтантуяа гуай "Сахил хүртсэн өндөр настай хүнд тоорцог өмсүүлдэг уламжлалтай. Гэртээ суухад хөнгөн, халууцуулдаггүйг монголчууд эртнээс бодолцсон байна. Харин дээлний хувьд улаан хүрэн өнгөтэй дээл тохитой сайхан харагдана" гэж тэдэнд зөвлөх юм. Нөгөө хоёр үйлчлүүлэгч ээжийгээ ануухан, наснаасаа залуу харагддаг учраас булган малгай сайхан харагдана гэж зөрүүдлэнэ. Мөн дээлний хувьд тэд ээждээ цэнхэр торгон дээл сонирхож байв. А.Алтантуяа гуайн хэлснээр монголчууд эртнээс хадамд гаргах гэж байгаа залуу бүсгүйд цэнхэр дээл оёж өгдөг заншилтай байжээ. Иймэрхүү ёс байдгийг иргэд тэр бүр мэддэггүй талаар бидний дунд яриа өрнөсөн юм. Тухайлбал, хар дээлийг хар эмжээрээр эмжүүлэх сонирхолтой хүмүүс байдаг гэнэ. Тэгвэл дээлээ өөрийнх нь материалаар эмжиж өмссөн эмэгтэйг монголчууд бэлэвсэн гэж ойлгодог байж. Тиймээс эмэгтэй хүний дээлийг заавал өөр материалаар эмждэг байна. Мөн сар шинийн баяраар хар, бараан дээл өмсдөггүй байжээ. Зарим хүн "Цагаан дээл өмсөх нь хувхайрахын ёр. Цагаан дээлт Дамдин хэзээ ч баян байгаагүй" гэж ярьдаг. Цагаан дээл бас зохимжгүй биш үү гэвэл "Тийм биш. Цагаан сараар бүх зүйл сайхан байх ёстой. Өмнөх жил хүнтэй ам мурийсан бол цагаан сараас өмнө тайлдаг уламжлалтай. Цагаан сүү ширээн дээр тавина. Хонины цагаан эсгийг гаднаа дэлгээд, цагаан нэхий дээлээ өмсөөд шинэлдэг сайхан уламжлал байлаа" гэж ярьсан юм.
Сар шинийн баяраар иргэд загварын гэхээсээ илүү монгол дээл захиалдаг байна. Урьд захчин, барга, өөлд, торгууд гээд үндэстэн ястнуудыг хувцсаар нь ялгадаг байсан. Харин энэ цагт 33 үндэстэн ястны хувцсанаас халх, дөрвөд, буриад, урианхай гэх гарын таван хуруунд багтах загварыг л захиалж оёулдаг болсон гэнэ. Ерөнхийдөө халх дээл голчилдог бол буриад малгай, дээлний захиалга ч мэр сэр ирдэг байна. Ер нь ч сар шинийн баяраар бусдаас дамжиж ирсэн биш үндэснийхээ хувцсаар гоёх уламжлалтай. Гэхдээ заавал шинэ дээл өмсөхийг А.Алтантуяа гуай зөвлөж байсан.
Материалын хувьд настай хүнд үйтэн хуар болон дулаан өнгийн торгон дээл сайхан зохидог бол залууст даавуун дээл сайхан харагддаг. Харин залуу бүсгүйчүүд цэцгэн хээтэй, тод өнгийн дээл өмсвөл жавхаалаг харагддаг талаар зөвлөлөө. Очиртой торгыг тавин наснаас дээш өмсөхгүй бол хүнддэнэ. Бэлэгний хувьд сайн найз, хүргэн л биш бол бүс бэлэглээд байдаггүй. Өндөр настай аав ээждээ гутал бэлэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гутал дээшээ харсан сав хэдий ч настнуудыг ертөнцөөс хурдан яваг гэсэн утга агуулдаг аж.
ЭНЭ ЖИЛИЙН ГОЁЛ "С.ЖАВХЛАН" ДЭЭЛ
Сүүлийн үед С.Жавхлангийн өмсч байгаа мөрөн захтай дээлийг иргэд голчлон захиалж байгаа гэнэ. Ийм дээлэн дээр өмсдөг малгайг ч "Жавхлан малгай" гэж нэрлэдэг болжээ. Уг нь мөрөн захтай дээлийг лам дээл гэдэг байсан ч С.Жавхлан өмсч тайзнаа гарснаас хойш ийн нэрлэх болжээ. Монголчууд мөрөн захтай дээлийг XIII-XVI зууныг хүртэл өмсдөг байгаад Манжийн дарлалын үеэс дөрвөлжин захтай зээл өмсч эхэлсэн гэдэг. Түүх ярьвал Тогоонтөмөр хааны өмсч байсан дээлийг Ноён уулын булшнаас олдсон загвараар нь "Ур ундрах"-ынхан урлаж байгаа гэнэ. Мөрөн захтай дээлийн хувьд өмсөхөд эвтэйхэн, цагаан сараар өвөрмөц харагддаг гэх зэргээр иргэд их сонирхож байгаа аж. Мөн Д.Сосорбарам гавъяат, жүжигчин Аглуугийн өмссөн ширээстэй ханцуйтай дээл ч моод болоод байгаа юм байна. Тогоонтөмөр хааны үеэс монголчууд нум сум харвахад амрыг нь бодож нарийн ханцуйтай, ханцуйгаа ширж урладаг байж. Харин энэ цагт ширээс, эмжээр нь гоёл болсон байна.
Малгайны хувьд лоовууз, ноён, үнэгэн, Чингэс малгайг ихэвчлэн өмсч байгаа гэнэ. Залуус дөрвөн талтай малгайг чухалчилдаг байсан бол ойрын үед "С.Жавхлан малгай" гэж нэрлэх болсон жонон малгайг их өмсөх болжээ.
ҮЙЛ УРЛААЧДЫН ӨРӨӨНД
Бид А.Алтантуяа гуайтай дээлний ёс, уламжлалын талаар хууч хөөрсний дараа оёдлын цехэд нь орлоо. Тэнд зургаан бүсгүй үйл урлаж сууна. Ажилтнуудаа ""Ур ундрах" гэдэг нэр учиртай. Надтай уран бүсгүйчүүд учирдаг. Олонхи нь манай нутгийнх. Би ажилтнуудаасаа уран байхаас гадна хийж байгаа үйлэндээ сэтгэлтэй байхыг шаарддаг. Сэтгэл шингэж урласан эд бусдаас огт өөр харагддаг юм. Манай бүсгүйчүүдийн урласан дээл, гутал, малгай, бүсийг голох хүн гараагүй" гэж магтаж байсан. Бас гурван сар цалинжуулаад оёдолд сургаад өгье гэхэд хүмүүс тэр бүр ирдэггүй талаар ч ярилаа.
Оёдол хийдэг өрөөний хананд монгол эрэгтэй болон эмэгтэй хүний эрхэмлэх есөн зүйлийг томоор бичиж өлгөжээ. "Эртнээс нөхөр нь дээлээ ганзагалаад айл руу морддоггүй бол тэр айлын эзэгтэйг сайнд тооцдог байлаа. Эмэгтэй хүний хамгийн түрүүнд эрхэмлэх зүйл үйлэнд уран байх. Үйлэнд уран гэргий, үйл мэтгэдэг бэрийг хаана ч мууд тооцож байгаагүй. Энэ цагт үндэсний хувцсаа оёх нь бүү хэл дээл өмсч үзээгүй гэж ирээд ярих эмэгтэй олон болж" гэж мастер оёдолчин А.Алтантуяа харамсч байв. Тэрбээр өөрийгөө оёдолчин гэж хэлүүлэх дургүй. Харин төгс уран бүтээлч гэж үнэлдэг гэнэ. Мастер оёдолчны компани арав гаруй ажилтантай. Жижиг, дунд үйлдвэрүүд ийм тооны ажилчидтай. Харин тэднээс гарч байгаа бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэгчдийн 80 шахам хувийг эзэлдэг. Арваас илүү хүн ажиллуулахаар татварт дарлуулдаг, хүндрэлтэй байдгаа ярьж байсан. Оёдолчид бүр өөр, өөрийн гэсэн үүрэгтэй. Нэг нь дан малгайгаа хийдэг бол нөгөөдүүл нь дээлээ дамжлага дамжлагаар оёно. Ерөнхийдөө мастер оёдолчин эсгүүр гаргаж өгч байна. Зөрүүлдэх, ухаж эсгэх зэрэг монголчуудын уламжилж ирсэн бүх аргаар л эсгэх юм. Дараа нь цаваг нааж, нарийн өөг нь авах дамжлагад очино. Бараг хэрэгцээнээс гарсан гэж бодож байсан жонхууг тэнд хэрэглэдэг юм байна. Жонхууны хажуугаар бэлэн наалт ч ашиглаж байна лээ. Эмэгтэй дээлийг эмжиж байгааг харахад их л нарийхан цэвэрхэн болж байна. Нэг үе эрэгтэй дээлийг савхиар эмждэг байсан. Харин сүүлийн үед ихэвчлэн пүүсүүгээр эмждэг болсон гэнэ. Хоргой эмжээрийн хувьд ерөнхийдөө хэрэгцээнээс гарсан. Торгон материал, саатай эдээр л эмжээр хийдэг болж. Урт наслахын бэлгэдэл гэгддэг хүрээ эмжээрийг голчлох юм. Дээлээ эмжсэний дараа ар, өврийн голыг оёх дамжлагад очино. Үүнийхээ дараа өнгө, дотор хоёрыг нийлүүлж оёод хажаасаа хийж байна. Зах дээгүүр зарагдаж байгаа дээл ихэвчилэн хажаасгүй харагддаг. Бас хаваастай дээл хүнээс авддаггүй гэх яриа бий гээд хаваасгүй дээл зарах нь бий. Гэтэл хажаасгүй дээлний дотор нь цухуйж гарах гээд байдаг учраас заавал хажих учиртай. Хажаасаа оёсны дараа дээлний их бие дотроо хавсарч нийлүүлж оёж байна. Хоёр талын ташааг нийлүүлж суга суулгасныхаа дараа захаа залгах юм. Ингээд хаваас хийнэ. Хаваасны хувьд дээр хэлсэн уламжлал гээч худал гэнэ. Мөн хаваасгүй гээд өмсвөл сэтгэл хоосордог гэж үздэг уламжлалтай гэнэ. Харин хайртай эрдээ оёсон дээлний суганы шилбийг дутуу орхидог уламжлал бол бий гэнэ. Дээлээ хавсны дараа товч хадах дамжлаган дээр очиж байна. Товч гэснээс Асашёорюү Д.Дагвадорж аварга хуримаараа ноолууран дээлэн дээр алтан товч хадуулсан тухай яриа гарч байсан. Тэр алдартай дээлийг А.Алтантуяа гуай урлаж байсан билээ. Үүнийг нь сануулбал, "Эртний явдал шүү дээ. Ноолууран дээл дөнгөж гарч байсан үе. "Говь"-ийн цэвэр ноолуураар оёж байлаа. Их ч сайхан дээл болсон. Есөн ширхэг алтан товч хадуулж байсан юм. Тухайн үед амьд байхад алтан товч барьж үздэг юм байна гэж залбирч билээ. Харин одоо бол алтан товчтой дээл хэвийн зүйл болсон шүү дээ. Бизнесмен, баячууд чинь алтан товчтой дээл хийлгэж байгаа гэж битгий хэлээрэй гэдэг юм. Алтан товчтой, ноолууран дээл бол ердийн хувцас болчихсон. Сүүлийн үед харин малгайныхаа оройг алтаар хийлгэдэг болчихоод байна" гэсэн. Гэхдээ бэлэн товчноос илүүтэй зангидсан товч илүү ур шингэсэн харагдаж байна лээ. Ер нь очир хэлбэртэй зангидсан товч урт наслуулдаг, хэл амнаас хамгаалдаг бэлэгдэлтэй гэж ярьдаг.
Улаан торгон дээр цагаан сувдаар ланз хээ хатгаж байх юм. Холоос харахад цагаан хээтэй улаан торго гэж харагдахаар юм. Харин ойроос бол жинхэнэ ур шингэсэн, нүнжигтэй эд. Ингэж гараар хээ хатгаж оёсон дээл 750 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Багш нарын баярт зориулсан хүрэн торгон дээр хар шүрээр хээ татуулсан загварын дээл бусдаасаа арай өвөрмөц харагдаж байв. Эрэгтэй дээлэн дээр ч эмжээрийн өнгө дагуу материалаар ар, өвөрт нь ланз хээ тавьж оёдог болжээ. Тасралтгүй үргэлжлэхийн бэлгэдэл ланз хээтэй дээл бусдаас өвөрмөц, тансаг харагдуулдаг гэнэ. Ийм хээ урлуулсан дээл бусдаасаа арай үнэтэй байх юм. Мөн энэтхэгийн сайра оёдог даавуугаар дээл оёсон харагдана. Сайраны хөл буюу хээтэй хэсгээр нь зах, эмжээрийг нь дагасан гоёл хийсэн нь өвөрмөц юм. Сайра материалаар урласан эмэгтэй дээл 160-170 мянган төгрөгийн үнэтэй байв. Солонгосын хамбуг торгоор ч дээл хийсэн харагдана. Ерөнхийдөө эрэгтэй дээл 160 мянган төгрөгөөс эхэлсэн үнэтэй бол эмэгтэй дээл 130 мянган төгрөгөөс 750 мянган төгрөг хүртэл үнэтэй юм. Ур хийц нарийн, тансаг материалаар хийсэн байх тутам үнэ ихтэй.
Оёдолчид "Дархан нэхий" компанийн бэлтгэсэн нэхийнд өнгө татаж харагдана. Жигд боловсруулсан нэхийн дээр хар толбо хийгээд өнгө оруулчихсан болохоор сайхан харагдаж байсан. Тус компанийн боловсруулсан нэг дээлний нэхий 600 мянган төгрөгийн үнэтэй аж. Харин бэлтгэсэн хурганы арьс 15 мянган төгрөгийн үнэтэй зардаг гэнэ лээ. Гэм нь талбай багатай байдаг гэнэ. Малчдын бэлтгэсэн хурган дотор, нэхийг сүү, тараг түрхэж элддэг болохоор үнэртэй гэж нийслэлийнхэн голдогыг А.Алтантуяа гуай хэлсэн. Хуучин хурган дотроо авчираад сэлбүүлж өнгө татуулдаг хүмүүс ч их байдаг аж. Гэхдээ "Ур ундрах"-ынхан үйлчлүүлэгчдээсээ материал авахгүй, өөрсдийн оруулж ирсэн даавуу, торгоор ихэвчлэн дээл хувцас оёдог аж. Тэд Хятадын улсын үйлдвэр болон Хан-Лугийн торгыг өөрсдөө явж авдаг гэнэ. Даавуугаа Солонгост үзэсгэлэн худалдаанд оролцох далимаараа аваад каргонд ачуулчихдаг аж. Өөрсдөө явж, ажил болгож авсан даавуу торгоо зарахгүй, үйлдвэртээ л ашигладаг. Дээлнийхээ дотрыг ч Солонгос, Хятадын нэртэй үйлдвэрээс авдаг аж. Ширмэл дотор татсан дээлийг харахад зах дээр зарж байгаагаас арай өөр, биетэй харагдаж байсан нь ийм учиртай байж. Ер нь тэд компани гэдэг утгаараа гадуур зарагддаггүй, "Нарантуул" дээр байхгүй материалаар урлахыг зорьдог аж. "Ур ундрах"-аас авсан дээл гээд эмжээр нь сэмэрчихгүй, бусадтай адилхан харагдаад байхгүй бол болж байгаа нь тэр гэж ярьцгааж байсан. Энэтхэгийн "Үйтэн" торгоны албан ёсны борлуулагч гэнэ. Тиймээс үйтэн торгыг янз бүрээр нь зарж байсан. Дөрөө даах гутал гэдэг шиг нэг насны эд дээ гэж бараагаа магтах юм. Хятадаас оруулж ирсэн торго нь жинхэнэ хүр хорхойн шүлсээр нэхсэн нүнжиг харуулах эд гэнэ. Үйтэн хуар, хилэн хуар зэрэг магнаг болсон тансаг зэрэглэлийн торгоор хийсэн дээл нас тогтсон хүнийг их сайхан харагдуулдаг. "Хүр хорхой Монголд үржих боломжгүй учраас хаадын үеэс гадаадаас авчирдаг, ховор эд байсан. Тиймээс магнаг торго гэж дээдэлдэг байж. Хятадууд Манзушир бурхныг шүтдэг. Манзушир бурхныг л гэхэд эрээн мяраан гоёлд дуртай гэж үздэг. Тиймээс луу ороосон, эрээн торго магнагт тооцогддог. Харин монголчууд мал хуйгаа дээдэлдэг Очир дарь бурхнаа шүтдэг нэхий дээл зэрэг их үнэтэй эдэд тооцогддог. Магнаг байсан учраас монголчууд торгыг их шүтэж ирсэн. Одоо бол өөдөс нь газар хэвтэж байдаг болж дээ" гэж ярина.
АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Оёдлын цехэд байтал худалдагч эмэгтэй "Таны байнгын үйлчлүүлэгч гэсэн хүмүүс ирчихээд байна" гэж мастерыг дуудлаа. Тэнд ажиллаж байгаа бүх хүн, охин ч А.Алтантуяа гуайг "Мастер аа" гэнэ. Мастер "Ямар ч захиалга авахгүй. Өмнөх захиалгаа цагаан сараас өмнө дуусгахын тулд амралтгүй ажиллаж байна" гэх зэргээр учирлавал зөрүүлээд гэрэл зураг гаргаад ирлээ. Зурган дээр мастер, нөгөө хоёр хостой зогсч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хосууд хуримаа хийхдээ "Ур ундрах" компаниар "Миний монгол" загварын дээл оёулжээ. Миний монгол гэсэн бичигтэй торгоор урт пиджак маягтай дээл урлуулсан нь хосуудад их сайхан зохисон нь гэрэл зургаас илт. Тэр үед бүсгүй давхар биетэй байжээ. Гэдсэнд байсан хүү нь одоо зургаан сартай гэнэ. Наадмаар монгол дээлний баярт оролцож явахдаа мастертай таарч зургаа татуулсан нь тэр. Гэрийн эзэн Г.Энхтөр "Миний монгол загвар бидэнд үнэхээр таалагдсан. Монгол дээлний баярт оролцох гээд очиход л хүмүүс нүд унагаад байсан. Наадмаар тэр дээлтэйгээ алхаж байхад хүмүүс хөлнөөс толгой хүртэл хараад явуулдаггүй. Үндэсний хувцасны сайхныг тэгэхэд л мэдэрсэн. Одоо бага хүүдээ "Миний монгол" загварын дээлийг захиалчихвал гэр бүлээрээ цагаан сарын гоёлтой болчих гээд байдаг" гэж гуйна. А.Алтантуяа "Ингээд ирж байгаа хүмүүсийг яаж хоосон буцаах билээ. Зургаан сартай хүүхдэд загварын дээл арай ахадна. Сайхан баринтаг оёод өгье. Хоёр нас хүрэхээр нь "Миний монгол" загварын дээл оёж өгөхөө амлаж байна" гээд хүүгийн хэмжээг аваад буцаалаа. Тэдний дараа ирсэн залуу хосын залуу нь мастерын хүүтэй адилхан харагдсан учраас хайр нь хүрч арын хаалгаар захиалгыг нь авахаар болов. Бүсгүй, залуу хоёр монгол дээл огт өмсч үзээгүй. Сүүлийн үед үндэсний хувцас сайхан санагдаад байдаг болчихсон учраас зорьж яваа нь тэр. Бүсгүй дээл өмсч үзэхэд нөхөр нь сайхан харагдаж байгааг нь шагшина. Мастер "Дээл зохидоггүй монгол хүн гэж үгүй. Европ хувцас хүний галбирыг дараад байдаг сул талтай. Харин сайхан дээл бол цэмбийсэн цэгцтэй харагдана шүү дээ" гэнэ. Хосууд тэнд Солонгосын цэвэр ноолууран дээл захиаллаа. Дээлэн дээрээ цэвэр мөнгөн товч хадуулах гэнэ. Солонгос ноолууран дээл 450 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр хосууд сар шинийн гоёлоо нэг сая төгрөг гараад явчих юм байна гэж тооцоо бодсоор гарлаа.
Арын хаалганы захиалагчид Д.Долгорсүрэн зааны хамаатнаар үргэлжиллээ. Д.Долгорсүрэн заан "Ур ундрах"-ын байнгын үйлчлүүлэгч. Тиймээс ч хамаатныхаа дүүд хаягийг нь зааж өгөөд явуулсан гэнэ. Эхнэр нь "Сайн хүний нэрийг арав худалдаж иднэ гэдэг энэ. Зааныг бодоод дээл оёж өгч дээ" гэж ирээд шалаад салдаггүй. Хэсэг хугацаанд шалуулсны эцэст ноолууран дээлний захиалга авахаар боллоо. Тэдэнтэй зам нийлж дээл хайж явсан эрэгтэй дэлгүүрээс 170 мянган төгрөгөөр шар даавуун дээл авахаар боллоо. 40 шахам насны тэр эрэгтэй сонгосон дээлээ томдож байна гэх янзтай. Худалдагч эрэгтэй хүнд уужим дээл сайхан харагддагийг зөвлөнө. Үнэндээ ч шар дээл тэр хүнд яг таарсан харагдаж байв. Тэднийг гарсны дараа хүүдээ хантааз, ой гаруй настай охиндоо малгай, гэргийдээ дээл авна гэх мэтээр үйлчлүүлэгчид тасрах янзгүй. Тэр бүрт мастер оёдлоо орхиод зөвлөгөө өгнө. Үйлчлүүлэгчид малгай сонгох нь ховор юм. Хүүхдэдээ зориулж дөрвөн талтай малгай авах хүн байхаас яг өөртөө аваад гарч байгаа хүн алга. Харин захиалга өгсөн хүмүүс дээлнийхээ өнгийг оруулсан малгай захиалдаг гэнэ. Аав хүү хоёулаа ижил загварын "Жавхлан" малгай захиалсныг оёдолчин оёж байна. Эхнэр мөртэй уужны загварыг өөрчлөөд хантааз оёчихсон нь эрхэмсэг харагдана. Бүсний тухайд ойрын жилүүдэд дээлний эмжээртэй өнгө дагуу гариг бүс голлох загвар болжээ. Гариг бүс гэдэг нь үзүүртээ цацагтай. Тэр цацгийг нь унжуулж өмсөх зориулалттай эд. Дурдан бүстэй харьцуулахад биетэй эд юм. Мөнгөн болон суран бүс тэр бүр бүслэхээ больсон гэнэ.
Хуучин ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан оёдолчид монгол гутал оёсноо "Ур ундрах"-д нийлүүлдэг аж. Хүүхдийн гутал өнгөрсөн жил 70 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил 100 мянган төгрөгт хүрсэн гэнэ. 52 угалзтай монгол гутал 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Долоон настай хүүдээ монгол гутал авах гэж ирсэн хүн хүүхдийн гутал харчихаад "Ямар том эд вэ. Бараг манай эхнэрт таарах юм байна" гэснээ оймсыг нь хараад хүүд минь багадна гэх юм. Тэгэхээр монгол гутал харагдаж байгаа шигээ том биш дотроо зай бага байдгийг үйлчлүүлэгчид тэр бүр мэдэхгүй байгаа бололтой. Зарим хүн "Танай хороололд байдаг салбар дэлгүүрт чинь очлоо. Сонголт бараг байхгүй байна. Энд ир гэж худалдагч нь зөвлөсөн. Энд ч бараг дээл дуусчихсан байна. Цагаан сараар олон дээл бэлтгэчихэж болдоггүй юм уу" гэж гомдоллох юм. Оёдолчид цөөтэй болохоор жилийн дөрвөн улиралд ачаалалтай ажилладаг. Худалдах дээл олноор нь илүүчлэх боломжгүйг тэднийхэн учирлана. Ер нь сүүлийн жилүүдэд үндэсний хувцасны эрэлт ихэссэн. Харин үйлдвэрлэгч цөөн байдаг гэнэ. Хэдхэн жилийн өмнө "Ур ундрах" компани байшингийн подвальд хэдхэн оёдлын машин тавиад суудаг байсан. Харин одоо хоёр ч салбартай, өөрийн гэсэн байртай болчихсоныг харахад үндэсний хувцас урлах бизнес хөгжих боломж байгаа бололтой юм.
Захиалгаа хаачихсан гэх мөртлөө тэд үйлчлүүлэгчдээр тасрахгүй, тун завгүй ажиллах юм. Захиалсан дээл нь гарчихсан гэж утсаар мэдэгдэнэ. Шинэ дээлнүүдээ уутанд хийнэ. Үйлчлүүлэгчдэд дээл өмсгөж үзүүлж, зөвлөгөө өгнө. Мастераасаа эхлээд үйлчлэгч нь хүртэл зав зайгүй ажиллах юм. Мастерын бяцхан зээ охин хүртэл хүүхдэдээ хувцас авах гэсэн хүний сонгосон хувцсыг өмсөж үзүүлэх мэтээр том үүрэг гүйцэтгэж байв. Сүүлдээ гэрэл зурагчин маань хүүдээ хантааз авах гэж байгаа эмэгтэйд тусалж, "Надад бол ийм харагдаж байна. Харин танай хүү надаас махлаг уу" гэх мэтээр зөвлөж байгаа харагдана. Бэлэн болсон дээлийг уутанд хийх, үйлчлүүлэгчдийн өмсч үзсэн дээлийг модельд өмсгөх гэх мэтээр бид ч бас тэрүүхэндээ их ажилтай өнжлөө.
ИРЭХ ЖИЛИЙН "БОЛОР ЦОМ"-ЫН ЭЗЭН ИЖ БҮРЭН ХУВЦАС БЭЛГЭНД АВНА
Биднийг өнжүүлсэн "Ур ундрах" компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяа гуай 13 насандаа дээл оёж байснаа хуучиллаа. Аав нь есөн өнчин хүүхэдтэй үлдчихээд дээлээ ганзагалаад саахалтынх руу мордож байгааг хараад "Би дээлийг чинь оёж чадна" гээд буцааж байсан гэдэг. Тэгээд дөрвөн төгрөгийн үнэтэй байсан даалимбаар аавдаа хөвөнтэй дээл оёж өгсөн нь багадасхийгээд таарсан гэдэг. 20 төгрөгийн таван метр даалимба эвдэж байсан маань санаанаас гардаггүй гэж хуучилна. Бүр найман настайгаасаа дэвсгэр ширж өрөм зөөхийгөөр шагнуулдаг байжээ. Ээж маань их сайхан дуулна. Уртын дуу дуулаад л дэвсгэр ширнэ. Аавыг маань Б.Аюурзана гэдэг. Өвөрхангайн уугуул хүн дээ. Насаараа талх, нарийн боовны цэхэд ажилласан даа, хөөрхий. Бид чинь сайхан ширмэл ширдэг дээр талх боов идэж өссөн хүүхдүүд гэж ярих. Ер нь А.Алтантуяа гуай оёхоос өөр ажил хийж байгаагүй гэсэн. Түүгээрээ ч бахархдаг. Олон улсад үзэсгэлэнгээ гаргасан. Өнгөрсөн жил Солонгост болсон олон улсын уралдаанаас үндэснийхээ хувцсаар мөнгөн медаль хүртжээ. Өөрийн улсад үйлдвэрлэсэн даавуу байхгүй гэх шалтгаанаар алтаас ухарсан гэнэ. Харин энэ жил Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даш-Өлзий дотооддоо даавуу үйлдвэрлэж байгаа. Мөн говийнхоо ноолууран даавууг аваад явахад түрүүлэхгүй хаачих билээ гэж бардамнаж байв. "Монгол дээл хаана ч үнэтэй шүү ээ. Гадаадад дандаа дээлтэй очдог. Хүн бүр бахархаж хардаг юм. Тиймээс ч монгол дээлнийхээ төлөө насаа элээж явна" гэж ярина. Үзэсгэлэнд авч явах дээлэндээ уламжлалыг илүү шингээдэг гэнэ. Найр хуриманд оролцож байгаа бүх хүн сайхан харагдаж байгаасай гэж хүсдэг. Тиймээс ч "Болор цом"-ын эзэнд жил бүр дээлээ бэлэглэдэг уламжлалтай болоод 10 шахам жил болж байна. Ардын уран зохиолч Д.Урианхай гуайн дээлийг жаахан багадуулж, Ш.Лхамноржмоо найрагчид эрэгтэй дээл бэлэглэснийг эс тооцвол бэлэг эздэдээ яг таарсан гэнэ. "Эрэгтэй дээл бэлгэнд авснаас хойш ханьтай, үр хүүхэдтэй болсон гэж их бэлэгшээдэг юм билээ. Луу ороосон хээтэй их сайхан дээл өгсөн дөө. Хүнд ч үзүүлдэггүй юм гэнэ лээ" гэж ярьсан үйл бүтээгч маань С.Оюун УИХ-ын гишүүн болохдоо буруу талдаа энгэртэй, хятад дан дээл өмссөн байхыг хараад өрөвдсөндөө уйлж байсан гэнэ лээ. Дараа нь дуудаж авчраад дээл хийж өгч байсан гэнэ. Японы Элчин сайд Ханаду, зохиолч Ш.Дулмаа, бурханч лам Г.Пүрэвбат зэрэг олон хүнд дээл бэлэглэж байжээ. Н.Бүлтэн эмч гэх мэт зориулж оёсон дээл нь сайхан болдог хүмүүс олон бий гэнэ. "Болор цом"-ын 30 жилийн ойгоор түрүүлсэн найрагчид иж бүрэн хувцас бэлэглэхээр төлөвлөж байгаагаа ч ярьсан. А.Алтантуяа гуай хоёр охиноо ч оёдолчин болгосон гэнэ. Том охин нь япон хэлний багш, гадаадын хөрөнгө оруулалттай компанид орчуулагч хийж байхад нь ажлаас нь гаргаад оёдолчин болгосон гэнэ. Бага охин нь санхүүгийн мэргэжилтэй ч мөн л өөр дээрээ авч малгай оёх арга ухааныг сургажээ. Битүүний шөнө дүү нар, хадмууд нь бууз баншийг нь бэлтгээд манай хүн дээл оёод л сууж байдаг байж. Одоо ч гэрийн ажилд ер оролцохгүй. Ханьдаа цагаан сар бүрээр шинэ дээл өмсгөдөг уламжлалтай. Хадмууд нь өдийг хүртэл уран бэртэйгээ хамт амьдарч байгаа аж.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ